16 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь чемоданд хийсэн байсан хэрэгт гадуур шалгагдаж байсан Х.Энхсайханыг саяхан цагдан хорьжээ

16 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь чемоданд хийсэн байсан хэрэгт гадуур шалгагдаж байсан Х.Энхсайханыг саяхан цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нар нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан онц ноцтой хэрэг 2024 оны зургаадугаар сард гарч байсан билээ. 

Улмаар тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг яллагдагчаар татан, прокуроос тэдэнд Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг прокурорт буцаасан юм. Харин прокуророос тус хэрэгт эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүхээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. 

Тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох О нь "Охиныг минь хөнөөсөн алуурчинтай хамт байсан нэр бүхий хүмүүс одоог хүртэл эрх чөлөөтэй, гадуур явж байгаад гомдолтой байна" хэмээн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж, уг асуудлыг олны анхааралд оруулж байсан юм. 

Тэгвэл 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Х.Энхсайханыг саяхан цагдан хорьсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, прокуророос Х.Энхсайханыг бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдуулан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, Х.Энхсайханыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.