"ЗГ-ын тэмдэглэл гарсан" нэрийдлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй, хууль зөрчиж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулах болжээ

"ЗГ-ын тэмдэглэл гарсан" нэрийдлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй, хууль зөрчиж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулах болжээ

Монгол Улс “Алт-3 аяныг хэрэгжүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. 

Гэтэл Ашигт, малтмал газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам сүүлийн хагас жилийн хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэл учруулах болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр "Газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын эрх зүйн орчинд шинэчлэл хийх хүртэлх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тохиолдолд Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах"-ыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ш.Ганхуяг нарт даалгасан байна. 

Тиймээс уг тэмдэглэлтэй холбоотойгоор сүүлийн хагас сар орчмын хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, иргэдэд зөвшөөрөл олгохгүй байгаа аж. Ингэхдээ холбогдох албаныхан "Засгийн газрын тэмдэглэл гарсан учраас зөвшөөрөл олгох боломжгүй байгаа" гэх тайлбарыг хийх болжээ. 

Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд "Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан шийдвэр гаргана" гэж заасан байна. Мөн дээрх Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тохиолдолд Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг л даалгасан байх аж. Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хуульд бус Засгийн газрын тэмдэглэлд захирагдан, аж ахуйн нэгжүүдийг хохироож байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс холбогдох яам, газруудыг хуулийн хүрээнд ажиллахыг хөрөнгө оруулагчид хүсэж байна.