Дэлхийн банкны Пакистан дахь шинэ суурин төлөөлөгчөөр Амгаабазарын Болормааг томиллоо. Тэрээр 2020 оноос хойш тус албыг хашсан Нажи Бенхассиний оронд очиж байгаа юм.
А.Болормаа нь олон улсын хөгжлийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Тэрээр анх 2004 онд Дэлхийн банканд орсон бөгөөд Зүүн Ази, Номхон далайн бүс, Африк, Зүүн Европ, Төв Азийн бүс нутагт ажиллаж байжээ. Мөн өмнө нь Дэлхийн Банкны Кыргызстан болон Индонез, Зүүн Тиморт улс дахь банкны суурин төлөөлөгчийн газарт удирдах алба хашиж байсан.
Тэрээр "Пакистан дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдсондоо туйлын баяртай байна. Дэлхийн банк, Пакистан хоёр олон жилийн түүхтэй түншлэлтэй бөгөөд энэ хамтын ажиллагаа үе үеийн хэдэн сая хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан. Холбооны болон мужийн засгийн газрууд, орон нутгийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.