Одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан нь Монгол Улсад аливаа зүйлийн стандарт алдагдаж, хууль журам мөрдөгдөхгүй байгаагийн тод жишээ болсон гэдгийг хэлэх хүн олон байдаг.
Гэсэн ч хууль зөрчиж газар олгодог, барилга барьж иргэдийг хохироож, эрсдэлд оруулдаг үзэгдэл оршсоор байна. Үүний нэг жишээ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын шатахуун хадгалах, түгээх газрын ойролцоо газар олгож, тухайн газарт орон сууцны барилга барих гэж байгаа нь асуудал. Магадгүй энэ нь олон хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тул бид асуудлыг хөндөж, дараах мэдээллийг бэлтгэлээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа шатахуун түгээх станцаас 40 хүрэхгүй метрийн зайд байрлах 2999 м2 газрыг иргэн Э.Ганбатад Нийслэлийн Засаг даргын 2022 оны долдугаар сарын 21-ний өдрийн А/976 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.
Улмаар иргэн Э.Ганбат нь тухайн газартаа “Нислэг хотхон” гэх 16 давхар, 192 айлын орон сууцыг барихаар төлөвлөж, 2022 оны наймдугаар сарын 04-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан байна. Ингээд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байхад буюу 2023 оны хоёрдугаар сараас эхлэн тухайн орон сууцаа 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно хэмээн захиалга авч эхэлсэн байна.
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ийн зөвлөмж болон олон улсын практикт нисэхийн шатахууны агуулахын байршил, аюулгүйн зайг терминал, барилга байгууламж, орон сууцны бүсээс хол, ихэвчлэн 100 метрээс дээш зайд байрлуулахаар тусгасан байдаг. Гэтэл иргэн Э.Ганбатын эзэмшлийн “Төгс Прогресс” ХХК-д Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь анхаарал татаж буй юм.
Эл орон сууцны хорооллын барилгын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженер бэлтгэл, хяналтын хэлтсээс "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байна гэж” мэдэгдсэн байна.
Гэвч Дээрх компани барилгын зургийг бүтэн өөрчилж, үргэлжилсэн барилгыг шаталсан 5,12,16 давхар болгон зургийг өөрчилж Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, удахгүй барилгын ажиллаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.