Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Үндэсний их баяр наадмаар иргэд зон олны шимтэн үзэх дуртай, нүд, сэтгэлийг баясгадаг зүйл бол хурдан морины уралдаан. Хэний хурдан хүлэг айраг түрүү авч, тодрон гарч ирэх вэ гэдгээс тухайн наадмын өнгө тодордог билээ. Түүнчлэн эрт үеэсээ л Монгол түмэн хурдан хүлгээ хоорондоо наймаалцаж ирсэн ард түмэн. Тухайн хүлэг хэр үнэд хүрэхээс шалтгаалж хурд хүч нь хэмжигддэг гэхэд болно.
Энэ ч утгаараа хурдан морьд худалдаалах нь өдгөө бизнес болтлоо хөгжөөд байна. Хурдан морины салбарт түүхэн алдар цуутай, өндөр үнэд хүрсэн олон хурдан хүлэг бий. Тодруулбал, “Монгол хээр” гэх азаргыг 800 саяар, Бидэрт халиун морь 800 сая, мөн тэнгэрийн хээр гэх азаргыг 800 саяар худалдсан байдаг. Баттай нь л эдгээр болохоос биш тэрбум, хоёр тэрбумаар зарагдсан гэх олны ам дамжсан яриа ч байдаг билээ. Мөн хурдан моринд гар татдаггүй хүмүүс ч цөөнгүй бий.
Тэгвэл өнгөрсөн жилийн улсын баяр наадмын их насны түрүү морь 1 тэрбум төгрөг хүрсэн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.
Тодруулбал Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Ерөөлтийн түмэн эх халтар морь өнгөрсөн жил Улсын их баяр наадам түрүүлж, наадамчин олноо баясгасан. Тэгвэл энэхүү хурдан хүлгээ 1 тэрбум төгрөгөөр зарах санал МУМУ Б.Ерөөлтөд ирсэн ч тэрбээр татгалзсан хариу өгчээ.
Батчулууны Ерөөлт гуайн халтар морь нь хязаалан насандаа Зүүн бүсийн уралдаанд түрүүлж, 2024 онд Ламын гэгээний даншиг наадамд айрагдаж, 2025 онд Жавхлант шаргын уралдаанд түрүүлж, тэр жилээ Улсын их баяр наадамдаа түрүү магнайд хурдалсан хурдан хүлэг билээ. Мөн эх тал нь Сүхбаатар аймгийн онгон сумын угшилтай бол эцэг тал нь Б.Ерөөлт гуайн унаган адуу бөгөөд хурдан халтар морь ч Б.Ерөөлт гуайн унаган адуу юм.