Цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц 4500 км замыг туулаад байна

Цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц 4500 км замыг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц Дундговь аймгийн Хулд суманд гүйж явна. Говьд нар шарж, хөрсөндөө 32 хэм хүртэл халуун байгаа ч 88 дахь өдрөө гүйж яваа түүний хувьд энэ нь асуудал биш болжээ.

Тэрбээр Хулд суманд ирснээр 4500 км хүргэсэн бөгөөд ингэснээр туулах замынхаа 90 хувийг ардаа орхисон гэсэн үг. Өдгөө марафонч ахлах ахлагч Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг дамжин гүйж эх орныхоо өмнөд цэг буюу Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүрснээр "Таван цэг" төсөл амжилттайгаар өндөрлөх юм. "Таван цэг"-ийнхэн долдугаар сарын 05-ны өдөр бариагаа гүйцэтгэж, долдугаар сарын 07-ны өдөр төслийн хаалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Ташрамд онцлоход, Дундговь аймгийн Хулд сум нь 1923 онд байгуулагдсан, нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг. Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар нь сумын нутаг болон зааг нутгуудад оршдог. Дундговь аймгийнхаа Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдтай хил залган оршдог юм.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө