ВИДЕО: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “УБ палас”-ыг нурааж, барилга барих ажлыг зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж эхлүүлжээ

ВИДЕО: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “УБ палас”-ыг нурааж, барилга барих ажлыг зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж эхлүүлжээ

Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахын тулд төвлөрлийг бууруулж, нийслэл хотыг хумьж бус тэлж хөгжүүлэх ёстой талаар мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэвч нэр бүхий хүмүүсийн босгосон олон тооны орон сууцны хороолол нийслэл хотын төвийг бетонон ширэнгэ болгож, түгжрэлийг нэмэх гол зүйл болсоор л байна. Үүнийн нэг болж, УБ палас байсан газар бетонон ширэнгэ болохоор барилгын ажлыы эхлүүлжээ.

ВИДЕО:

-“УБ ПАЛАС”-ЫН ГАЗАРТ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХДАА БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙ БАЙХАД БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЖЭЭ-

“УБ палас”-ын барилгыг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хамаарал бүхий “Хурд стандарт” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа юм. Хамаарал бүхий гэдгийн учир нь “Хурд стандарт” компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл бөгөөд Б.Чойжилсүрэн уг компанид хувьцаа эзэмшдэг. Мөн газрын талаарх нээлттэй мэдээллээс харахад энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр “Хурд стандарт” ХХК-ийн нэр дээр уг барилга шилжсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр хамгийн сүүлийн урлагийн тоглолт “УБ палас”-т болоод хаалгаа барьсан.

Уг барилгыг дөрөвдүгээр сараас хойш нурааж эхэлсэн бөгөөд одоог хүртэл нурааж дуусаагүй байгаа. Гэвч барилгаа нурааж дуусаагүй, барилга барьж эхлэх зөвшөөрөл өгөөгүй байхад Б.Чойжилсүрэн сайд барилгаа бариад эхэлжээ.

Тодруулбал, нийслэл хотод аливаа барилга барьж эхлэхдээ Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авдаг. Харин “УБ палас”-ын газар дээр барилга барьж буй Б.Чойжилсүрэнгийн “Хурд стандарт” ХХК нь барилга барих зөвшөөрөл хүссэн бичгээ Хот байгуулалт, хотын стандартын газарт өгсөн байгаа юм. Улмаар А даалгавар буюу барилга эхлүүлэх ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад барилгынхаа ажлыг эхлүүлсэн байна. Биднийг уг байршилд очиход аль хэдийнээ барилгаа бариад эхэлсэн байх бөгөөд барилгынхаа суурийг нь цутгасан байлаа. Бид энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад, “Барилга барьж эхлэх зөвшөөрөл огт өгөөгүй байхад барилгын ажлаа эхлүүлсэн нь үнэн. Бид энэ асуудлаар Нийслэлийн хяналт, шалгалтын газарт бичиг хүргүүлсэн байгаа” гэсэн юм.

-ХОТЫН А БҮСИЙГ БЕТОНОН ШИРЭНГЭ БОЛГОЖ БАЙГАА Б.ЧОЙЖИЛСҮРЭН АХИН НЭГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛОО УБ ПАЛАСЫН ГАЗАР ДЭЭР БАРИНА-

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн барилгын бизнес эрхэлдэг. Тэр бол Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх, Сансарын И-Март орчмыг “бетонон ширэнгэ” болгосон хүн. Энхтайваны гүүрний урд байгаа “КН” апартмент, 780 айлын “Цэнгэлдэх” хотхон, 132 айлын “Наран тауэр”, 832 айлын “Сансар гарден”, 160 айлын “Энхтайван” хотхон Б.Чойжилсүрэнгийнх. Цаашлаад, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш”, “Академи” хотхон, “Хүннү 2222”, “Хүннү плас”, “Хүннү стандарт” хотхонуудыг Б.Чойжилсүрэн барьсан. Өнөөдөр Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчимд бараг машин зөрөх нь битгий хэл мод тарих ч зайг үлдээлгүй “бетонон ширэнгэ” төвлөрлийг Б.Чойжилсүрэн бий болгож, асар их ашиг олсон.

Гэтэл УБ паласын барилгыг нурааж, дахин орон сууцны хороолол босгох гэж байна. Ингэхдээ бүр хууль зөрчин барилгын ажлаа эхлүүлжээ. “УБ палас” орчмыг түгжрэл, төвлөрөл ихтэй газар гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл энэ байршилд нэмээд орон сууцны хороолол босгочихвол бөгс эргэх зайгүй болно л гэсэн үг. Уг нь хотыг тэлж, төвлөрлийг бууруулах ёстой байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэтэл хотын төв рүү улам л шигдэж, орон сууцны хорооллоор бетонон ширэнгэ босгоод байвал түгжрэл улам л нэмэгдэнэ гэсэн үг.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө