БАРИМТ: П.Наранбаярын тушаалаар хэрэгжсэн 1,2 тэрбумын хөтөлбөр Ж.Галбадрах гишүүний ТББ дамжиж, маркетинг, засвар үйлчилгээний зардал байдлаар зарцуулагджээ

БАРИМТ: П.Наранбаярын тушаалаар хэрэгжсэн 1,2 тэрбумын хөтөлбөр Ж.Галбадрах гишүүний ТББ дамжиж, маркетинг, засвар үйлчилгээний зардал байдлаар зарцуулагджээ

Боловсролын сайд П.Наранбаяр эрх ашгийн зөрчил гаргаж, өөрийн ажиллаж байсан, хамаарал бүхий байж болзошгүй "Шинэ Монгол" сургуульд 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх асуудал эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаж байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд энэ сарын 25-ны /2025.06.25/ өдөр мэдээлэл хийж, "Боловсролын сайд П.Наранбаярыг ЕБС-ийн менежментийг сайжруулах зорилгоор “Шинэ Монгол” сургуулийн туршлагыг төрийн 120 сургуульд нэвтрүүлэх шийдвэр гаргаж, тус бүрд 10 сая төгрөг хуваарилсан бөгөөд ингэхдээ хамаарал бүхий байж болзошгүй УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын "Шинэ Монгол Төв" НҮТББ-ын данс ашигласан. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын хэрэг үйлдсэн байж болзошгүй Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ" хэмээн мэдэгдсэн юм. 

Харин Боловсролын сайд П.Наранбаяр дээрх мэдээллийг үгүйсгэж, өмнөх сайдын хийж байсан төслийг үргэлжлүүлсэн гэх тайлбарыг хийсэн бол УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан энэ талаар "2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй" гэдгийг тодотгосон юм. 

-П.НАРАНБАЯР САЙД "СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ"-Д ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМРАГДАХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 120 СУРГУУЛИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛЖ, ТУШААЛ ГАРГАЖЭЭ-

Боловсролын сайд П.Наранбаярын тушаал

Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр "Сургуулийн менежментийг сайжруулах" хөтөлбөрийг өөрийн өмнө нь ажиллаж байсан “Шинэ Монгол” сургуулиар хийлгэж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын "Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв" НҮТББ руу 1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн үү гэх асуудлыг хөвөрдөж үзлээ. 

  • 2024 оны наймдугаар сарын 23-ны өдөр. Боловсролын сайд П.Наранбаяр "Хөтөлбөр, арга хэмжээний 2024 оны төсвийн хуваарилалтыг батлах тухай" тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж, "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх, хөтөлбөр, арга хэмжээний зардалд 800 сая төгрөг баталжээ.
  • 2024 оны есдүгээр сарын 09-ний өдөр. "Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргажээ. Уг тушаалд "Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр арга хэмжээг 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 120 сургуульд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн менежментэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн зардлын 800 сая төгрөгийг 2024 оны хөтөлбөр арга хэмжээний 2.1.4 дэх зардлаас, үлдэгдэл 400 сая төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусган зохицуулалт хийж тус тус санхүүжүүлэх"-ийг зөвшөөрсөн байна.
  • 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр. Боловсролын сайд П.Наранбаяр тушаал гаргаж, "Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх" үйл ажиллагаанд хамрагдах ерөнхий боловсролын 120 сургуулийн жагсаалтыг баталжээ. 

Товчхондоо, Боловсролын сайд П.Наранбаяр "Сургуулийн менежментийг сайжруулах"-д шаардагдах зардал, үйл ажиллагаанд хамрагдах ерөнхий боловсролын 120 сургуулийн жагсаалтыг баталж, тушаал гаргасан байх аж. 

"СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ" ХӨТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ МАРКЕТИНГИЙН ЗАРДАЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ БАЙДЛААР ЗАРЦУУЛСАН БАЙНА

"Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв"-ийн хагас жилийн явцын санхүүгийн зарцуулалтын мэдээ

Хамгийн ноцтой нь, тухайн "Сургуулийн менежментийг сайжруулах" төсөлд Боловсролын сайд П.Наранбаярын захирлаар нь ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын “Шинэ Монгол” сургууль шалгарч, улмаар төрийн өмчийн ЕБС-уудад хуваарилсан хөрөнгийг "өөрийн болгосон" байгаа юм. 

Энэ нь сургуулиудын шилэн дансны мэдээлэл, "Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв"-ийн хагас жилийн явцын санхүүгийн зарцуулалтын мэдээнээс харагдаж байна. Тодотговол, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын "Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв"-ийн дансанд 2024 оны есдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нийтдээ 75 сургуулиас 750 сая төгрөгийн орлого оржээ.

Үүнээс цалинд 265.3 сая төгрөг, албан томилолт 25.7 сая төгрөг, сургалт семинарт 23.3 сая төгрөг гэхчлэнгээр зарцуулсан байна. Хачирхалтай нь хөтөлбөрийн зардлаас засвар үйлчилгээ, ажлын байрны түрээс, байр ашиглалтын зардалд 48.1 сая төгрөг, маркетингийн зардалд 80 сая, компьютерт 8.2 сая төгрөг зарцуулсан хэмээн тайлагнасан байх аж. 

Өөрөөр хэлбэл, төсвийн 1.2 тэрбум төгрөг "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах" нэрээр улсын төсвөөс гарч, улмаар сайдын ажиллаж байсан хувийн хэвшлийн сургуулийн ажил болж, улмаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын "Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв"-ийн дансанд орж, маркетингийн зардал, засвар үйлчилгээний зардал байдлаар зарцуулагдсан байна. 

Ташрамд өгүүлэхэд, "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах" хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын "Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв" хэрэгжүүлсэн болсон талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Ж.Галбадрах гишүүний үүсгэн байгуулсан ТББ сонгогдсон" хэмээн тайлбарлаад байгаа. Гэтэл төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэх ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажиллаж байгаа нь эрх ашгийн зөрчил байж болзошгүй байгаа юм. Тиймээс эл асуудал нь эрх ашгийн зөрчил үү, эсвэл хууль журмын дагуу хийгдсэн ажил уу, магадгүй үүний цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байна уу гэдгийг хууль хяналтын байгууллага эцэслэх буй за.

Боловсролын сайд П.Наранбаярын тушаал




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө