“Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадам энэ сарын 27-д Хүй долоо худагт эхэлнэ. Харин бөхийн барилдаан энэ сарын 28-29-ний өдрүүдэд болно. “Даншиг наадам – Хүрээ цам 2025” шашин соёлын наадмын бөхийн барилдааны цахим бүртгэл эхэлсэн. Энэ жилийн шашин соёлын наадамд гадаадын бөхчүүд барилдахаар болжээ. Тодруулбал, Тува улсаас нийт 12 бөх барилдахаар бүртгэлээ өгсөн байна. Мөн БНСУ-аас үндэсний ширым бөхийн аварга бөхчүүд оролцохоор болжээ. Чой Жун Ман, Ким Мин Жэ, Ча Мин Сү нарын бөхчүүд манай улсад ирэхээр болсон байна.
Наадмын өдрүүдэд Очирваань бурхан болон Их эзэн Чингис хааны тахилга, балин тосон урлагийн тэмцээн, номын мэтгэлцээн, 256 бөхийн барилдаан, зургаан насны хурдан морины уралдаан, үндэсний сур харваа, шагайн болон морьт харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн болно.