УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрөөс хасагдсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэгвэл УИХ-ын гишүүний хүүхэд угаас энэ тэтгэлэгт хамрагдах боломжгүй байх хуулийн зохицуулалттай юм.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй байдаг байна. Мөн энэ тохиолдол өмнө нь ч гарч байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхэд "Ерөнхийлөгчийн илгээлт" тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн ч өөрийн хүсэлтээр тэтгэлгээс татгалзаж байжээ.