“ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГ: Зам тээврийн ослоор амиа алдсан А.Мөнгөншагай найзын минь орон зай хэнээр ч нөхөгдөхгүй

“ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГ: Зам тээврийн ослоор амиа алдсан А.Мөнгөншагай найзын минь орон зай хэнээр ч нөхөгдөхгүй

“Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг олон уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, попын хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг болох “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, продюсер, СТА А.Мөнгөншагай 2019 онд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. 

Мөн зуны улиралд иргэд хөдөө, орон нутгийн замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахгүй байгаасай гэсэн үүднээс бид Гурван бүдүүн хамтлагийн дуучид болох Б.Учрахбаяр, П.Эрдэнэ нартай ярилцлаа. 

ВИДЕО: 

"Гурван бүдүүн" хамтлагийн Б.Учрахбаяр, "Манай хамтлагийн гишүүн А.Мөнгөншагай ажлаа хийж яваад автозамын осолд орж бурхан болсон. Манай хамтлагч гэлтгүй урлагийнхан энэ асуудалд их эмзэглэдэг. Тэр ослын шалтгаан бол ерөөсөө л хурд хэтрүүлсэн нь байдаг. Тоглолтдоо яараад явж байхдаа хажуудаа хүнээр машинаа бариулаад явж байсан. Машиныг нь барьж явсан жолооч нойргүй явж байсан учраас ядарч, хурд хэтрүүлсэн. Хэргийн газар дээр нь бид нар очиж чадаагүй. Дараа нь очсон. Тухайн үед Ланд 200 машинтай явсан шүү дээ. Гэтэл хүмүүс приустай явж байсан юм уу гэж асууж байсан. Тэгтлээ л танигдахгүй болтлоо базаад хаясан пивоны лааз шиг болчихсон байсан юм.

Жолооч болон хажууд нь сууж явсан хоёр хүн хоёулаа суудлын бүсээ хийсэн байсан. Тэгсэн тулдаа тэр аймшигтай ослоос хоёулаа амьд гарсан байгаа юм. Манай талийгч А.Мөнгөншагайгийн хувьд ард нь суусан. Бүсээ хийж амжаагүй, тоглотдоо бэлтгээд хувцсаа солиод явсан юм шиг байна лээ. Тэгээд бүсээ хийгээгүй явсан.

Хурд хэтрүүлээд аваарт орсон ч гэсэн урд явсан хоёр залуу нь суудлын бүсээ хийсэн байсан учраас амьд гарсан. Иймд бид суудлын бүсээ хийж заншмаар байгаа юм. Тэр аваарын хувьд хурд хэтрүүлсэн суудлын бүсээ хийгээгүй гэдэг нь л амиа алдах гол шалтгаан болсон. Бас зам дэр нь хоёр тэмээ хэвтэж таарсан юм билээ л дээ. Тэмээ мөргөөд замаас гарчихсан. Замаас гарахдаа хажуугийнхаа гүнзгий жалга руу орчихсон байгаа юм. Түүнийг дахиж дурсаад яриад байх хэцүү байдаг. Гэхдээ хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс ярьчихлаа. Та бүхэн холын замд гарахдаа хурдаа тааруулаарай. Хүний амь нас бонустай биш шүү дээ. Нэг л амьдарна. Ядаж өөрийгөө боддоггүй юм гэхэд хамт явж байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй. Жолооч бүр хариуцлагатай баймаар байна” гэлээ.