Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилсон. Тэгвэл Т.Жамбаажамц нь томилогдсоноосоо ердөө нэг сарын дараа буюу хоёрдугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийг шинэчлэн баталж, ипотекийн зээлтэй иргэдийн эрх ашигт ноцтой халдсан байна.
Тодруулбал, Т.Жамбаажамцын 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ээр ирэх наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлтэй иргэд эрүүл мэнд, амь насны даатгалыг нэмэгдүүлэн төлөх болжээ.
Тухайлбал, 100 сая төгрөгийг 30 жилийн хугацаатайгаар зээлсэн 30 настай иргэн нэг жилд 431 мянган төгрөг буюу нийт 14 сая төгрөг, 35 настай иргэн 644 мянган төгрөг буюу 20 сая төгрөг, 40 настай иргэн 847 мянга буюу 25.5 сая төгрөгийг тус тус амь нас эрүүл мэндийн даатгалд төлөхөөр болсон байна.
Энэ бол зөвхөн 100 сая төгрөгийг 30 жилийн хугацаатай зээлсэн иргэнд тооцогдох тооцоолол. Гэтэл 150, 200 сая төгрөгийг зээлсэн иргэд ч бий. 100 сая төгрөгийн зээл авсан иргэн 10-20 сая төгрөгийн даатгалын шимтгэл төлөх өөрөөр хэлбэл авсан зээлнийхээ 4/1-ийг төлөх нь өндөр дүн гэж иргэд үзэж буй учир тус шийдвэрийг эсэргүүцэж байна. Өмнө нь эд хөрөнгө, амь насны даатгалыг нэг компани хариуцдаг байсан бол одоо хоёр хувааж байгаа аж. Тодруулбал, тус дүрмийн 6.1.12-т сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн болх ипотекийн даатгалын бүтээгдэхүүн нь ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн болон ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ гэсэн агуулгыг тусгаж өгчээ. Харин үүнээс амь нас, эрүүл мэндийн даатгалыг салгаж урт хугацааны даатгалд багтаасан байна. Дүрэмтэй ЭНД дарж танилцана уу.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нь өөрийн эрх мэдлийн хүрээнд дээрх журмыг батласан бөгөөд олон нийтэд бус тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компанид л хамааралтай гэж үзэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй байна. Манай улсад 115 мянган иргэн ипоткийн зээлтэй. Тэгэхээр тус дүрэм нь олон нийтэд хамааралгүй гэдэгтэй санал нийлэхгүй хэмээн хуульч О.Батхүү мэдэгджээ. isee.mn Мэдээллийн сайт уг асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо болон бусад албаны хүмүүсээс тодруулан хүргэх болно.