Монгол Улс цацраг идэвхт бодис ашиглан эрт илрүүлж оношлох хоёр дахь аппаратаа хүлээн авлаа. Монгол улсын засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Анхны хосолмол оношилгооны технологи болох 2 толгойт СПЭКТ/КТ дижитал гамма камер авч суурилуулсан.
Энэхүү дэвшилтэт орчин үеийн хосолмол СПЭКТ/КТ аппаратыг суурилуулснаар оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж, эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношлохоос гадна нэг шинжилгээний аргаар авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломжтой болж оношилгооны зөрүү гарах эрсдэлийг бууруулах юм.
Мөн хоёр дахь СПЕКТ/КТ аппаратыг хүлээн авснаар эмчилгээний хүртээмж, чанар, оношилгооны төрөл нэмэгдэнэ гэж үзэж буй.
ТУХАЙЛБАЛ:
- Хорт хавдрын ясны үсэрхийллийг ялган оношлох, СПЭКТ хийж 3 тэнхлэгээр зүслэг хийх аргачлал
- Зүрхний цусан хангамжийн болон Gated буюу зүрхний миокардийн булчингийн хөдөлгөөнийг үнэлэх үйл ажиллагааны шинжилгээг нэг дор хийж үнэлгээ өгөх аргачлал
- Бамбайн сцинтиграфи буюу зураг авалтын шинжилгээг бамбайн үйл ажиллагаа буюу шингээлтийг шинжилгээтэй хамт хийх аргачлал.
- Хордлогот болон зангилаат бахуутай өвчтөний Иод-131-ын эмчилгээний тунг тогтооход шаардлагатай бамбайн жин, үйл ажиллагааны шингээлтийн үзүүлэлтийг Мо-99/Tc-99м-ыг ашиглан тогтоох аргачлал
- Бамбайн зэргэлдээх булчирхайн хавдрыг илрүүлэх “Паратиреоид сцинтиграфийн аргачлалуудыг амжилттай нэвтрүүлсэн.
- Бөөрний үйл ажиллагааны сцинтиграфийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж зургийн чанар эрс сайжирсан төдийгүй зураг угаах гар ажиллагааг халж энгийн принтерээр хэвлэх
- Радиоиммунологийн лабораторид хийгддэг даавар болон хавдрын маркерын шинжилгээнүүдийг Олон улсын Радиоиммунологийн шинжилгээний гадаад хяналтын программд оруулах аргачлалуудыг тус тус нэвтрүүлсэн байна.
Цөмийн анагаах ухаан нь хүний бие махбодын хэвийн болон эмгэг үйл явцыг цацраг идэвхт изотопын тусламжтайгаар оношлох, эмчлэх аргыг хөгжүүлсэн шинжлэх ухааны залуу салбар юм.