Бүлэг этгээд иргэдийн орон байранд нэвтэрч мөнгөн эдлэл, эмээл, цахилгаан бараа хулгайлсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ

Бүлэг этгээд иргэдийн орон байранд нэвтэрч мөнгөн эдлэл, эмээл, цахилгаан бараа хулгайлсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 50225 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 445 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насыг хохироосон 6, бусдын биед хохирол учруулсан 145, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, өмчлөх эрхийн эсрэг 139, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын зөрчил 20, хүрээлэн байгаа орчны эсрэг 9, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг 87, бусад төрөлд хамаарах 31 хэрэг бүртгэгджээ.

Мөн найман аймгийн 29 сум 7 дүүргийн нутаг дэвсгэрт 204 удаагийн хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлээд байгаа аж. Тодруулбал нэр бүхий гурван этгээд өнгөрөгч оны тавдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын хугацаанд Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Хэнтий зэрэг найман аймгийн 29 сумын нутаг дэвсгэр болон нийслэл хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй зэрэг долоон дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, эмээл, цахилгаан бараа гэх мэт эд зүйлсийг хулгайлсан байж болзошгүй үйлдлийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар дээрх бүлэг этгээд такси болоод бусад тээврийн хэрэгслийг ашиглан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн 204 удаагийн хулгайлах үйлдлийг тогтоожээ.

Иймд урин дулааны улирал ирж амралт, аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд та бүхнийг орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлж,  амралт, аялал зугаалгаар явсан тохиолдолд найдвартай хаалга цоож, цонхны хаалт, хөршийн хяналтын холбоогоо сайжруулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Мөнх-Эрдэнэ