УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийг өнөөдөр /2025.06.23/ анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр товложээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэсэн ч Улсын дээд шүүх тус хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан учир прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. 

Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг магадлалыг Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр түүнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Учир нь хяналтын шатны шүүхээс "анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан ба эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаж байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна" хэмээн үзсэн байдаг. 

Энэ дагуу анхан шатны шүүх Хөгжлийн банкны нэр бүхий хүн, аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр болж, шүүх хурал өнөөдөр товлогдсон байна.