Алдарт бор морь төрийнхөө наадамд 17 дахь жилдээ оролцоно

Алдарт бор морь төрийнхөө наадамд 17 дахь жилдээ оролцоно

Төрийн хонжны хүлэглэсэн энэхүү загал нь төрийнхөө наадамд 17 дахь жилдээ оролцох гэж байна. Энэ жил морьтон дайчид тэтгэвэрт гаргахаар тооцож байсан ч уяа сойлго нь таарч, тарга тэвээрэг нь сайн байгаа тул төрийнхөө их наадмыг урьдын адилаар домогт загал бор морь төрийн хонжинтойгоо хамт Есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэхэд залснаар "нээгдэх" нь ээ.

Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчин, Монгол наадам, Монголын түүхэнд яахын аргагүй домог болсон хүлэг. Дархан аваргуудыг наадам наадмын зүлэг ногоон дэвжээнд манлайлсан цаг хугацааг монголчууд ярьдаг даа. Түүн шиг төрийн наадам болоод бусад тэмдэглэлт баяраар Есөн хөлт цагаан тугаа залах, цэнгүүлэх ёслолыг загалгүйгээр төсөөлөх аргагүй.

Анх энэхүү бор морийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар гурван жил, хурандаа Э.Билэгсайхан анхны жилдээ төрийн наадамдаа хүлэглэх гэж байна.

Хэдий нас өндөр болсон ч гүйцэтгэл сайн, үргэж мэдэхгүй, жагсаалч, эзэндээ ээлтэй, Төрийн тугийг залах, цэнгүүлэхэд гаршсан энэ хүлгийг энэ жил ч гэсэн төрийн хонжинтойгоо омогшил, бахархалтайгаар наадамчин олны өмнө гарч ирэхийг харах нь ээ.

Эх сурвалж: Монгол цэрэг- Дэлхийн цэрэг