Д.Дэлгэрням: 2017 оноос хойш хуримтлуулсан туршлагатайгаа талбайд гарах болно. Гэхдээ би Майкл Жордан, Леброн жеймс биш

Д.Дэлгэрням: 2017 оноос хойш хуримтлуулсан туршлагатайгаа талбайд гарах болно. Гэхдээ би Майкл Жордан, Леброн жеймс биш

Манай улс энэ сарын 23-наас насанд хүрэгчдийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна. Тэмцээнд эх орноо төлөөлөх шигшээ багийн ахлагч, Монголын 3х3 сагсан бөмбөгийн “Шилдэг сагсчин “Monster Dek” хочит ОУХМ Д.Дэлгэрнямтай ярилцлаа. 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Азийн аваргын хоёр удаагийн аварга, хошой мөнгөн медальт түүнийг сагсан бөмбөгийн спортод хайртай хэн бүхэн мэдэх билээ.

ВИДЕО: 

-Улаанбаатар Эрэгтэйчүүдийн дэлхийн Их дуулга тэмцээн эхэллээ. Үргэлжлүүлээд насанд хүрэгчдийн ДАШТ болно. Манай шигшээ багийн бэлтгэл хэр хангагдсан гэж үзэж байна

-2025 оны зургаадугаар сарын 23-наас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 3X3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэх гэж байна.  Монголын 3Х3 сагсан бөмбөгийн холбоо 2017 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд олон улсын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. Харин энэ удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ бол манай шигшээ баг болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны хувьд энэ оны хамгийн том тэмцээн. Эх орондоо зохион байгуулагдаж байгаа тэмцээнд манай шигшээ баг амжилттай оролцохыг хүсэж байна. Мөн үзэгч фен сагсан бөмбөгт дурлагсаддаа сонирхолтой өрсөлдөөнтэй тэмцээн үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.

-Насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх баг тамирчдаас гол өрсөлдөгч багийг ямар баг гэж харж байна. Багтаа хэр итгэлтэй байгаа вэ?

 -3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д нийт 20 баг өрсөлдөнө. Оролцож байгаа бүх баг топ зэрэглэлд өрсөлддөг. Манай зоонд АНУ, Латви, Япон, Монтенегро гэсэн таван улсын шигшээ баг бий. АНУ-ын шигшээ баг ямар хүчтэй өрсөлдөгч гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин Латив улсын шигшээ баг бол 2020 оны Токиогийн олимпын аварга. Мөн Монтенегро улс бол сагсны эх орон. Маш хүчтэй өрсөлдөгч баг гэсэн үг. Өнгөрсөн жил манай шигшээ баг Япон улсын багт хоёр ч удаа хожигдсон. Тэгэхээр бүх тоглолт өрсөлдөөнтэй, ширүүн уур амьсгалтай болно гэж харж байна. Спортын хамгийн гоё зүйл бол талбай дээр өрсөлдөгчид бусад үед найз нөхөд байж чаддаг нь. Өнгөрсөн хугацаанд 3х3 сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, олон ч тэмцээн уралдаанд орсон байна. Ямар ч улс Монгол улсын шигшээ багийг мэддэг болжээ.

Тамирчин хүн бүр талбай дээр хожно гэсэн сэтгэл зүйтэй гардаг. Миний хувьд 2017 оноос багагүй туршлага хуримтлуулсан байна. Энэ туршлагаа ДАШТ-ий талбайд гаргах болно. Гэхдээ би Майкл Жордан, Леброн Жеймс биш шүү дээ. Мэдээж алдаа гаргахгүй байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа, маш өндөр ур чадвартай тамирчидтай тоглоно. Гэхдээ туршлага, ур чадвар, сэтгэл зүй гээд чадах бүх зүйлээ 100 хувь гаргаж хичээж тоглох болно.

-ДАШТ эх орондоо зохион байгуулна гэдэг өөрөө маш том амжилт санагдаж байна

-Тийм ээ. Манай улсад ийм хэмжээний том тэмцээнийг зохион байгуулсан гол хөшүүрэг бол 3х3 сагсан бөмбөгийн холбооны бодлого зөв байсных. Мөн шат, шатны олон тэмцээнийг зохион байгуулсан. Тэр бүрд FIBA үнэлгээ өгч байсан. Хамгийн өндөр үнэлгээг авч байсан болохоор хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгсөн. Зөвхөн бидний бус 3х3 сагсан бөмбөгийн холбооны амжилт. Холбоо маань маш сайн ажиллаж, шигшээ багийг ч сайн дэмжлээ.

-Үнэнч үзэгч хөгжөөн дэмжигч нартаа юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд сошиал медиа маш сайн хөгжиж тамирчдад дайралт их ирдэг болсон. Сагсан бөмбөг анх тоглож байхад буюу 2010 оны үед харьцангуй гайгүй байсан. Хэн ч муу тоглолт гаргахыг хүсэхгүй. Алдаа гаргавал түүнийгээ хараад суралцаад явж байгаа.Хожиж, хожигдоно гэдэг спортын байх ёстой нэг зүйл. Хожвол биднийг урамшуулаарай. Харин хожигдвол битгий их дайраарай гэж хүсмээр байна. Эх орондоо зохион байгуулагдаж байгаа тэмцээнд амжилт гаргахыг хүсэж байна. сэтгэл зүрхээ 100 хувь зориулж хичээх болно. Чин сэтгэлээсээ ирж эх орныхоо багийг дэмжээрэй хэмээн хүсэж байна. Өрсөлдөөн гэхээс илүүтэй сагсан бөмбөгийн баяр болж байна гэж хараасай гэж бодож байгаа. Монголчууд сагсан бөмбөгт хайртайг, энэ спортын гайхалтай соёлтой гэдгийг гаднын улс орнуудад харуулмаар байна.