Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд улсын төсвөрийн хөрөнгөөр 21 мянган мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажлыг одоогоос гурван жилийн өмнө эхлүүлсэн байдаг.
Тус цогцолборын зураг төслийг 2021 онд боловсруулж, 2022 онд газрыг чөлөөлсөн юм. Ингэхдээ 24 айлтай зөвшилцөж газрыг нь чөлөөлжээ. Улмаар барилгын ажлыг эхлүүлж, өнөөдөр 90 хувийн гүйцэтгэлтэй явааг албаныхан онцоллоо. Тус цогцолбор нь 95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн талбай 3х3 сагсан бөмбөгийн талбай, 5х5 сагсан бөмбөгийн хоёр талбай, талбайн теннисний хоёр талбай, зургаан эгнээ бүхий гүйлтийн замаас бүрдэж байгаа юм. Түүнчлэн хүүхдийн тоглоомын болон бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг давхар шийджээ. Энэ нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь том задгай талбай бөгөөд ирэх сард ашиглалтад оруулах юм.