Нийслэлийн онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар хамтран өнөөдөр /2025.06.19/ цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж, гол усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Монгол улсын Шадар сайдын батласан албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн 2024 оны 6-9 дүгээр сард үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна. Уг ажлын хүрээнд 355 удаагийн үер усны дуудлагад онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 2989 ажилтан албан хаагч 538 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үер устай тэмцэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэжээ. Мөн Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт эргүүлийг долоон байршилд ажиллуулсан байна. Энэ онд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг 06.18-09.21-ний өдөр зохион байгуулж байгаа бөгөөд Туул гол, Тэрэлж гол, Сэлбэ гол, Сэлбэ голын зуслангийн бүсэд нийт есөн байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарыг дуустал нийт нутгаар халах төлөвтэйг сануулаад сарын сүүлийн өдрүүдэд баруун аймгуудын нутгуудаас эхлэн борооших, сэрүүсэх төлөв ажиглагдаж байгааг мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын сүүл, ирэх сарын ихээр нийслэл хот орчмоор гэнэтийн ус ихтэй аадар бороо орох магадлал нэмэгдэж байгаа аж. Хуурайшилт ихтэй энэ үед гэнэтийн аадар бороо ороход хөрсний шингээх чадвар бага байдаг тул үерийн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байдаг байна. Мөн 7,8-р сард нутгийн өмнөд хэсэг говийн аймгуудын нутаг, Улаанбаатар орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх төлөвтэй тул үер усны аюулаас болгоомжлон, сонор сэрэмжтэй байж сарын урьдчилсан анхааруулга мэдээ, санамжийг цаг тухай бүрд нь авч байхыг зөвлөлөө.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ