19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ

19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна. 

Үүнд:Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна.

Түүнчлэн энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргав. 

Уг тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76.03 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 80.34 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаалаа. Хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэн байна.