Прокурорын байгууллага 2025 оны зургаадугаар сарын 9-13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.140 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1157 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 183 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим анхаарал татах хэргээс дурдвал:
- Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын байцаагч Х.Н нь Цагаан хад дахь нүүрс тээврийн үйл ажиллагааг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлжээ.
- Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбарын албан тушаалтан нь мэргэшсэн ажилтан болох шалгалтыг тэнцсэн мэтээр бүртгүүлж, бусдад хахууль өгсөн хэрэгт (ЭХ-ийн 22.5 дугаар зүйл) яллагдаж, шүүхэд шилжсэн байна.
- Иргэн Б.У нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн зүйлийг тээшиндээ нуун улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.