“Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум Дундговь аймагт эхэллээ

“Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум Дундговь аймагт эхэллээ

Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт Үндэсний форумыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, газар нутгийн цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөг онцлон тэмдэглэж, говийн бүсийн онцлогт тохирсон шийдэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдав. Харин COP17 бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэгт элчин сайд Н.Чимгүүндарь ирэх жил болох том арга хэмжээнд Монгол   залуусын оролцоог нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Форумд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон холбогдох яамд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн 120 орчим залуусын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр Яап ван Хиерден хэлсэн үгэндээ, “Монголчууд газар нутаг, бэлчээр усаа хамгаалах олон зууны арвин их туршлагатай Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн. Ирэх жил болох COP17 бага хурал нь Монгол Улс энэхүү арвин туршлага, уламжлалдаа түшиглэн газраа нөхөн сэргээх, байгалиа хамгаалах сайн туршлага, ухаанаа дэлхийн дахинд танилцуулах таатай боломжийг нээж байна” хэмээн онцлов. “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” Үндэсний форум нь залуу малчид, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, байгаль орчны манлайлагчдыг нэгтгэн, газрын доройтлыг бууруулах, бэлчээр хамгааллын зохистой шийдэл, арга туршлагаа солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлсэн юм. Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.