Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амийг аварчээ

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амийг аварчээ

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амийг аварч, тусламж үзүүлэн, утаатай бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргалаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 18 аймгийн 36 сум, нийслэлийн 8 дүүрэгт аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 79 нь объектын, 3 нь ой хээрийн гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын 17 болон нэг удаа газар хөдөлсөн, мөндөр орсон, үеэр буусан дуудлага байв. Манай улсын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаврын улиралд хуурайшилт ихэссэнээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж, ой хээрийн түймрийн 60 гаруй хувь нь 4, 5 дугаар сард гардаг. Энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Түймрийн шалтгаан нь ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой буюу сумдын төвлөрсөн хогийн цэг, гэрийн яндан, ил гал зэргээс үүддэг байна. Иймд ОБЕГ-аас цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, тамхи татахдаа бүрэн унтраах, авто машины бүрэн бүтэн байдлаг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг зөвлөжээ.