ВИДЕО: "Шарга морьт"-оос Гүнт хүртэлх авто замд нөхөлт хийх бус цогцоор нь шинэчилж байна

ВИДЕО: "Шарга морьт"-оос Гүнт хүртэлх авто замд нөхөлт хийх бус цогцоор нь шинэчилж байна

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил эд өрнөж байна. Түүний нэг нь Шарга морьтоос Гүнт хүртэлх 4.5 километр авто замын ажил юм. Олон нийт энэ ажлыг зөв зүйтэй, хийх ёстой бүтээн байгуулалт хэмээн сайшааж буй. Харин нөгөө талд энэ ажлыг эсэргүүцэх иргэд ч байна. Иймд уг бүтээн байгуулалтын одоогийн нөхцөл байдлыг бид сурвалжиллаа.

ВИДЕО: 

Өнгөрсөн жилүүдэд Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замыг арчлалтын засвар буюу нөхөх аргаар засварлаж, түр гал унтрааж ирсэн. Харин энэ удаа тус чиглэлийн авто замыг цогцоор нь шинэчилж байгаагаараа онцлог. Гүйцэтгэгч "Фючер Прогресс" компани нь энэ сарын 10-ны 22:00 цагаас тус чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, зам засвар арчлалт шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. Улмаар энэ сарын 15-ны 06 цагт замыг нээхээр төлөвлөсөн байна.

Иймд бид "Фючер Прогресс" ХХК-ийн талбайн инженер С.Намхайдагваас замын ажлын нөхцөл байдлын талаар тодруулахад, “Өнөөдрийн байдлаар эхний нэг километр авто замд цементээр хучуулсан суурийг тавиад байна. Ингэснээр нийт замын ажил талдаа орсон гэсэн үг бөгөөд дараа нь асфальт, бетон хийснээр замын ажил дуусах юм. Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар шинэчлэлийн ажил хугацаандаа дуусна.

Энэ чиглэлийн авто замд жил бүр засвар хийдэг. Уулнаас буусан ус автозамыг их эвддэг учир цементээр хучуулсан суурийг хийж байна. Мөн авто замын нэг талын хашлагыг зайтай тавьсан байгаа.

Ганц авто зам засна гэж ойлгож болохгүй. Автозамын хашлагуудыг солино, 1,5 метрийн өргөнтэй дугуйн зам, явган хүний замыг асфальт бетоноор хучиж, шинээр барина" гэв. Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто зам ус зайлуулах шугамгүй. Улмаар хавар, зуны улиралд уулнаас буух ус, хүнд даацын автомашинуудын нөлөөгөөр тус чиглэлийн зам амархан эвдэрч гэмтдэг. Харин тус байршилд оршин суугчид, иргэдээс энэ талаар тодруулахад “Ер нь энэ чиглэлийн зам жилийн жилд эвдрэлтэй, хүнд нөхцөлтэй байсаар ирсэн. Замын эвдрэлээс шалтгаалж, автомашин эвдрэх, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их байдаг. Мэдээж засаж, шинэчилж байгаа нь зөв. Гэхдээ хэр чанартай байх бол гэсэн хүлээлттэй байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө