Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Зүүн хойд Азийн холбооны хуралд оролцож байна

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Зүүн хойд Азийн холбооны хуралд оролцож байна

Зүүн хойд азийн нутгийн захиргаадын холбооны 15 дугаар бүгд хурал энэ сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньяан хотод болж байна. Тус холбоо нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томоохон нэгж бүхий 82 гишүүн орон нутгаас бүрддэг аж.
 
Тус хуралд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, Монгол Улсаа төлөөлөн хурлын нээлтийн ажиллагаанд үг хэлсэн юм. Нээлтийн ажиллагаанд мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Япон улсын Ерөнхий сайд асан Хатояама, Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов нар баярын үг хэлжээ. Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Монгол Улсын хувьд харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж буйгаа илэрхийлэн, ялангуяа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, шинэ техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг чухалчилж байгаагаа онцлов.
 
Мөн Монгол улсын Засгийн газраас Говийн бүсийг Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд Ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг тавьсан төдийгүй нар, салхины нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг хэмээн дурдлаа. Тэр дундаа Дундговь аймаг нар салхины нөөцөөрөө улсдаа тэргүүлэгч нутгийн хувьд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон технологи, хүний хөгжилд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг нээлттэй, идэвхтэй дэмжиж байгааг илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү Бага хурлыг угтах ажлын нээлт болгон Дундговь аймаг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газартай хамтран Цөлжилтийн эсрэг залуучуудын улсын чуулганыг энэ оны зургаадугаар сарын 16-17-ны өдрүүдэд аймагтаа зохион байгуулахаар ажиллаж буйгаа онцолсон байна.
 



Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө