“Хонхрын 1000” хэмээх орон сууцны оршин суугчид дахин төлөвлөлтийн дэмжлэг хүсэв

“Хонхрын 1000” хэмээх орон сууцны оршин суугчид дахин төлөвлөлтийн дэмжлэг хүсэв

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хонхрын 1000” хэмээх 1 давхар орон сууцанд нийт 16 өрх оршин сууж байна.

Эргэн тойрны барилга угсралтын ажлаас шалтгаалан амьдрах орчин, нөхцөл хүнд байгаа бөгөөд зуны улиралд үерийн усанд автах эрсдэл байнга тулгардаг байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд оршин суугчид тухайн газрыг дахин төлөвлөлтөд хамруулах хүсэлтээ хүргүүлэн, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахыг хүлээж байна.

Оршин суугчдын хүсэлтийг үндэслэн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер, техникийн хэлтэс, Газрын менежментийн хэлтэс, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд уулзалт хийж, дахин төлөвлөлтийн үйл явц, дараагийн шатанд анхаарах асуудлын талаар мэдээлэл, чиглэл өглөө.

Дахин төлөвлөлтийн төслийг дэмжсэн саналын хуудас 100 хувьд хүрж 16 өрх нэгдсэн байр суурьтай байгаа тул “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ.