Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулсан. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 84.2 хувь нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжээд байна.
Тэгвэл дээрх хурлын үеэр Г.Занданшатараас УИХ-ын гишүүд "хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах" эсэхийг нь асуухад тодорхой хариулт өгөөгүй байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалжууд "МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж магадгүй" гэсэн мэдээллийг өгч байна.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын дарга Л.Мөнхбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилж, түүний оронд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаар сонгож магадгүй байгаа аж. Энэ мэтээр эрх баригч МАН-ынхан дараагийн Засгийн газрынхаа бүтцийг аль эрт зурсан гэх мэдээллийг өгч байна. Харин Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатар АН-ын бүлгийн хуралд оролцох үеэрээ, "Тус албан тушаалд томилогдоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийг өргөн барина" гэж мэдэгдсэн байгаа юм.