Морьт харвааны 18 морийг хулгайлсан хэрэг гарчээ

Морьт харвааны 18 морийг хулгайлсан хэрэг гарчээ

Морьт харвааны 18 морийг хулгайлсан хэрэг гарсан талаар Морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатар өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

Энэ талаар Морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатар, "Морьт харваа, намнаа хэмээх өв соёл, уламжлалыг XI зуунд дахин сэргээн хөгжүүлж, өвлүүлэн үлдээхээр хичээж буй энэ цаг үед энэхүү спортод хүчээн өргөж байгаа 18 хүлэг морьдыг минь Жаргалантын амнаас зургаадугаар сарын 7-ны өглөө 04:30 цагт гурваас дөрвөн хүн нийлэн хулгайлж, баруун хойш чиглэн тууж одсоныг хувь хүн, байгуулагуудын гадна камерын бичлэгүүдээс үзэхэд нулимс мэлмэрч, зүрх шимширмээр байлаа. Хөөрхий дөө олигтой тэвээрч амжаагүй байгаа хүлгүүдийг минь хар хурдаар нь улаан галзуу, амь тавин хөөх өлөн зэлмүүхэн хулгайч нарыг хараад үнэндээ маш ихээр өрөвдлөө.

Байршил тогтоогч GPS-г таслан авч, Өлзийт хорооллын наахна Айцын давааны цаана аваачиж замын хажууд хаясан нь амьхандаа зүг буруулж байгаа бололтой. Өв соёл, уламжлал бол тухайн улс гүрний тусгаар тогтнол, хил хязгаар байдаг юм шүү. Уламжлал мөхөхөд улс гүрэн мөхнө. Малын хулгайч нарт сануулж хэлэхэд хөдөөний айлууд хүртэл өвөлжөө хаваржаандаа өндөр нягтаршилтай 4 зүг 8 зовхисыг өдөр, шөнө ялгалгүй бичлэг хийдэг камеруудтай болсон байна шүү. Адуу туусан хулгайч нарын бичлэг алхам тутамдаа камерт өртөж бичигдэж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа.  Эрүүгийн цагдаагынхан ч шуурхай ажиллаж байна. Хувь хүмүүс ч сайн дураараа холбогдож өөрсдийн хашаа хорооны камерт  бичигдсэн дүрсүүдийг бидэнд илгээж байгаад маш ихээр баярлан талархаж байна" гэжээ. Мөн адууны баттай сураг гаргаж өгсөн хүнд 10 сая төгрөгийн шагналтай аж.