2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны төлөөлөл Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-ын Гүйцэтгэх захирал доктор Мурали Туммаракудиг хүлээн авч уулзан, цөлжилт, доройтол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
- Хамтарсан төсөл, судалгаа: Хан Хэнтий, Говь-Алтай зэрэг бүс нутагт нөхөн сэргээлтийн загвар төсөл хэрэгжүүлэх, G20-ийн шинжээчдийн оролцоотой судалгаа хийх.
- Хууль эрх зүйн дэмжлэг: “Цөлжилттэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулахад туршлага солилцох, хууль боловсруулагчдыг холбогдох сургалтад хамруулах.
- Бизнес ба иргэний нийгмийн дэмжлэг: Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх стартапуудыг олон улсын хөрөнгө оруулалт, сүлжээнд холбох, жижиг ТББ-ыг санхүүжилтэд хамруулах.
- Боловсрол ба залуусын оролцоо: “Загвар НҮБ” хуралдаан, гэрэл зургийн уралдаан хамтран зохион байгуулах, шилдэг оролцогчдод COP17-д оролцох боломж бүрдүүлэх.
- UNCCD COP17-ийн бэлтгэл: 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Land Restoration Pavilion” үзэсгэлэн хамтран зохион байгуулах.
