Ө.Шижир: ХҮН намын Т.Доржхандад хууль мөрдөхийг л сануулсан

Ө.Шижир: ХҮН намын Т.Доржхандад хууль мөрдөхийг л сануулсан

“ШУГАМ” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ө.Шижирийг урьж ярилцлаа. Түүнтэй бид 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа, Төгрөг нуурын орд, ХҮН намтай холбоотой асуудал зэрэг сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа асуудлууд болон түүний нэр холбогдож байсан Нүүрсний хэргийн талаар ярилцлаа.

ВИДЕО:

-"МИНИЙ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ САНАЛ НЭГЭНТ БАТЛАГДСАН УЧИР ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ"-

-Монгол Улсыг парламентын засаглалтай орон гэж тодорхойлдог. Үндсэн хуулийн 3.1 дэх заалтад ч төрийн эрх мэдэл нийт ард түмний мэдэлд байна, ард түмэн энэ эрхээ төлөөлж сонгосон хүмүүсээрээ дамжуулан эдэлнэ гэсэн заалттай. УИХ-ын 126 гишүүн иргэдэд олгогдсон дээрх эрхийг хэрэгжүүлж засаглаж чадаж байгаа юу гэж асуумаар байна. Учир нь сүүлийн үед цөөн хэдэн хүмүүс энэ улсад засаглаад байгаа юм биш үү гэж яриад байгаа юм л даа?

-Ийм олуулаа байж цөөн хэдэн хүмүүсээр засаглуулж байгаа бол тэдний л буруу биз дээ. Гэхдээ миний хувьд тэгж бодохгүй байна. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй болсноор олон намын төлөөлөл, олон залуу гишүүд, олон өөр төрлийн мэргэжилтэй хүмүүс парламентад орж ирсэн. Зарим хуучин улс төрчдийн эрх ашиг нь хангагдаагүй болохоор тийм зүйл яриад байгаа байх. Ядаж нэг жил зургаан сарын дараа тийм зүйл ярихгүй бол “чадаж байна, чадахгүй байна” гэж ярихад эртдэнэ гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага таныг энэ саналд нэгдэж гарын үсэг зурна гэдгээ илэрхийллээ гэж мэдээлж байсан. Та гарын үсэг зурсан уу?

-Зураагүй. Он сарыг нь харвал хоёрдугаар сарын 11-н гэж байгаа. Үүнээс өмнө буюу арванхоёрдугаар сард Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг эхлээд гурван жилээр хойшлуулах санал гаргасан. Хэлэлцүүлж явсаар сүүлдээ нэг жил болсон. Энэ бол улс төрийн намууд хурлаа хийхгүй хойшлуулах тухай л заалт шүү дээ. Үүнийг эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг нь би. Намын бүлэг ч үүний эсрэг байр суурьтай байсан. Харамсалтай нь хүч түрээд явчихсан л даа. Тэгээд оны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод ганц, хоёрхон хүн асуудлыг шийдэх гээд байсан. Тэр үед намын дарга намайг дуудаа өрөөнд нь ороход Ч.Лодойсамбуу хамт байсан юм. Тэр үед намын дарга тэр хоёр Засгийн газрыг огцруулж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Хоёрдугаарт хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал гарах юм бол манай намын дарга үлдээд, МАН-ын дарга огцрох асуудал огт биш шүү дээ. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байх үед тийм асуудал яригдсан. Тэгээд улс төрийн намын тухай хууль нэгэнт хойшлогдчихсон бол би үүн дээр гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн. “Найз нь хөдөө явж байна. Очиж байгаад ярья” гэсэн л яриа болж өнгөрсөн.

-Та Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэж байгаа юм уу?

-Хэрвээ та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үзсэн бол Үндсэн хуулийн хамгийн гол үнэт зүйл нь Монгол Улсын Засгийн газар дунджаар 1.6 жилийн настай байна. Засгийн газар тогтвортой байх юм бол улс орны гадаад харилцаа, эдийн засагт хэрэгтэй. Энэ нь илүү давуу байдлыг бий болгодог гэсэн үнэт зүйлтэй. Би одоог хүртэл Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлттэй санал нэг байгаа.

-Олон нийт танаас асуугаасай гэж хүсэж байгаа нэг зүйл байгаа байх. 2022 оны арванхоёрдугаар сард Нүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарла гээд талбай дээр жагсаал болоод АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Түүн дотор таны нэр байсан. Өнөөдрийн байдлаар нэр нь гарсан хүмүүсийн тав нь хууль тогтоох дээд байгууллага буюу парламентад УИХ-ын гишүүн болоод сууж байна. АТГ-аас тэр үед таныг дуудаж шалгасан уу?

-Тухайн үед жагсаал өөр зорилготой байсан. МАН ЕНБД-ынхаа асуудлыг хэлэлцэх гэж байсан. Түүн дээрээ ойлголцож чадаагүйн улмаас хоорондоо зөрчил үүссэн.

Гэтэл тэр жагсаал нь хяналтаас гараад эхлэнгүүт үүнийг нүүрсний хэрэг болгож өөрчилсөн юм. Тухайн үед хэн хэний нэрсийг зарлах вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдсан байх. Би сайн мэдэхгүй байна. Нүүрсний жагсаалыг анх ярьж байхад би буруу санаагүй бол Хятадын баахан компанитай оффтек гэрээ хийчихсэн байна гэж ярьж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч болон ЕТГ-ын дарга нь хэн байсан бэ гэж шалгаад л миний нэр орсон байх гэж бодож байгаа. Миний үед нэг ч оффтек гэрээ хийгдээгүй. Намайг дуудаж мэдүүлэг, тайлбар ч огт аваагүй.

-"Т.ДОРЖХАНДТАЙ ХУВИЙН АСУУДАЛ БАЙХГҮЙ. ХУУЛИА МӨРДӨХИЙГ Л САНУУЛСАН ТӨДИЙ"-

-Танаас бас нэг зүйл асуумаар байна. Та ойрд ХҮН намын талаар их мэдээлэл хийж байна. Энэ оны нэгдүгээр сард та “Өөрөө даатгалын компанитай байж СЗХ-ны орон тооны бус гишүүнээр дүүгээ томилох гэлээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Тэр залуу ямартай ч тэр албан тушаалд хүрээгүй. Т.Доржханд та хоёрын хооронд хувийн асуудал байдаг юм уу?

-Тэр хүнтэй хувь хүний асуудал огт байхгүй. Тэр томилгоо анх орж ирэхэд миний хэлж байсан нэг зүйл нь төрийн албан тушаалд сууж буй хүмүүс мэдээлэлд илүү ойр байгаагаа ашиглаад ойр дотнын хүмүүсээ албан тушаалд томилдог асуудлыг таслан зогсоох хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь хувийн асуудалтай огт хамааралгүй.

-Мөн энэ хүний удирдаж байгаа ХҮН намын талаар нэг зүйл асуумаар байна. Та сая УИХ-ын чуулган дээр төрийн ордонд нэг мэдээлэл хийсэн. Тодруулбал, ХҮН нам санхүүжилтийнхээ 98 хувийг нэг компанийн 37 охин компаниас авсан байна гэсэн.

-Худлаа биш юм чинь. Бид нар улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг заавал ярих ётсой юм билээ. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт ороод, дотоодын санхүүжилттэй компаниудаас хандив авах эрхийг нээж өгөөд, дээд хязгаарыг нь ч зааж өгсөн.

Гэтэл 38 компаниас хандив авснаас 37 нь нэг компаниас авч болохгүй шүү дээ. Энэ хуулийн цоорхойг заавал харах ёстой юм билээ. Үүнийг л би ярьж байгаа. Би сүүлийн гурван сонгуультай жилийн бэлэн мөнгөний гаралтыг өмнөх онтой нь харьцуулж үзэхэд маш сонирхолтой тоо баримт гарсан. Тухайлбал 2019 оны зөвхөн нэг болон хоёрдугаар улиралд 156 тэрбум төгрөг зах зээлд бэлнээр  нийлүүлэгдэж байсан бол 2020 оны мөн саруудад 268 тэрбум төгрөг илүү нийлүүлэгдсэн. Хамгийн сонирхолтой нь эхний зургаан сард буюу сонгууль хүртэлх саруудад 88.9 буюу нийт мөнгөний 90 хувь нь сонгуулиас өмнө гарсан. Үлдсэн 10 хувь нь дараагийн саруудад гарсан байгаа юм. 2024, 2016 онуудад ч яг ийм жишээ ажиглагдсан. Үүнээс харвал сонгууль, улс төрийн намууд мөнгөнөөс маш их хамааралтай байгаад байна.

-Намрын чуулганы дараа УИХ-ын нэр бүхий гурван гишүүнтэй цуг Монгол орныг тойрлоо. Үүгээрээ стратегийн ордуудын 34 хувийг баялгийн сан хуримтлуулаад, ард түмэндээ хишиг хүртээнэ гэсэн. Бараг л “зүгээр сууж бай, байгалийн баялаг бол та нарынх” гээд л. Миний хувьд энэ үнэт зүйлтэй нийцэхгүй байгаа юм. Стратегийн ордын 34-50 хувийг төр авна гээд хувийн хэвшил, түүний гэр бүлийг харлуулж, хамгийн муу хүн мэтээр ард түмэнд цоллодог боллоо. Манай улс хувийн хэвшил дээрээ тулгуурлаж хөгжих ётсой шүү дээ. “Хөх туг” гээд л аймгуудаар тойрлоо. Гол нь Стратегийн ордын 34-50 хувийг төр авч, ард түмэндээ хүртээнэ гэсэн агуулгатай. Тэгвэл та миний дээр ярьсан шиг ийм үнэт зүйлтэй юм уу. Эсвэл Х.Баттулга гэх хүн таныг татаж машиндаа суулгаад авч яваад байгаа юм уу?

-Би 21 аймгийн 6 аймгаар нь л явсан. Үлдсэн аймгаар нь яваагүй. Хамгийн анх Баялгийн сангийн тухай хууль болон бусад хуулийн хэрэгжилт хэр байгаа талаарх асуулгыг Ерөнхий сайдад өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ хууль огт хэрэгжээгүй байгаа. Хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, хэн гэдэг улс төрч хэрхэн нөлөөлсөн юм гэх мэтчилэн асуултыг л асуусан.

-Сүүлийн 14 хоногийн хугацаанд нэр бүхий улс төрч Төгрөг нуурын ордыг зарчихсан гэдэг асуудал яригдаж байна. Та тэр хүний ЕТГ-ын дарга байсны хувьд энэ үйл явдлыг юу гэж харж байгаа вэ?

-УИХ-ын 27 дугаар тогтоол хэрэгжиж эхэлбэл тухайн үеийн хамгийн их мөнгөтэй хүмүүсийн эсрэг үйлдэл юм байна лээ шүү дээ. Яагаад гэвэл манай улс уул уурхайн орлогоор л амьдарч байна. Гэхдээ үеийн үед л Баялгийн сан, бодлогын хөгжил эс бөгөөс төр өөрсдийн эзэмшлийн хөрөнгөө мэддэг байх ёстой гэх мэт зүйл яригдахаар дандаа л Засгийн газрыг огцруулна гэсэн зүйл давхар яригддаг. Анх удаа тохиолдож байгаа хэрэг огт биш.

-Парламентын гишүүний хувьд сүүлийн үед ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

-Миний хувьд тангараг өргөснөөсөө хойш үндсэн гурван чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын шимтгэл буюу нийгмийн даатгалын тухай хууль. Мөн ААН-ийн тухай хуульд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн НДШ-ийг бууруулах саналыг ч дэмжиж байгаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.