АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэрээ тус улсад байгаа цагаач иргэдийг албадан гаргана гэдгээ мэдэгдэж байсан бол өдгөө түүний энэхүү амлалт ажил хэрэг болж эхлээд буй.
Тэгвэл Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамнаас Х сүлжээнд, "АНУ хууль бус цагаачлалын эсрэг хатуу хяналт тавьж байна Жил бүр олон мянган монголчууд аялах, ажиллах, эсвэл суралцахаар АНУ-ыг зорьдог. Аялах үедээ АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчих нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул АНУ-ын ЭСЯ таныг хариуцлагатай аялж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах хэд хэдэн зөвлөмжийг хуваалцаж байна" гэсэн мэдээллийг нийтэлжээ.
ТУС МЭДЭЭЛЭЛД:
Ирээдүйгээ Эрсдэлд Бүү Оруул: АНУ Хууль Бус Цагаачлалын Эсрэг Хатуу Хяналт Тавьж Байна
Жил бүр олон мянган монголчууд аялах, ажиллах, эсвэл суралцахаар АНУ-ыг зорьдог. Аялах үедээ АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчих нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам таныг хариуцлагатай аялж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах хэд хэдэн зөвлөмжийг хуваалцаж байна.
Сонголт Тодорхой – Хуулийг сахь
Америкийг аюулгүй, хүчирхэг, хөгжил цэцэглэлттэй байлгахын тулд АНУ-ын цагаачлалын хуулийг ягштал мөрдүүлэхийг Ерөнхийлөгч Трамп анхааруулж байна. АНУ-д хууль бусаар цагаачлахыг оролдох нь танд ямар ч ашиггүй. Ингэснээр та ирээдүйд АНУ-ын виз авах боломжгүй болохоос гадна таны гэр бүл болон бусад монголчуудын ирээдүйн визийн шийдвэрт ч сөргөөр нөлөөлж болзошгүй.
АНУ-ын визийн хугацаа хэтрүүлэх, хууль бусаар ажиллах зэрэг нь зөвхөн АНУ-ын хуулийг зөрчөөд зогсохгүй таны АНУ-д аюулгүй, баталгаатай байх нөхцөлийг эрсдэлд оруулдаг. Энэ тохиолдолд шоронд хоригдох, гэр бүлээсээ тусгаарлагдах, албадан гаргуулах, АНУ руу нэвтрэх байнгын хориг тавиулах зэрэг ноцтой шийтгэл хүлээнэ.
Хэрэв та АНУ-д хууль бусаар байгаа хэн нэгнийг таньдаг бол тэдний төлөө хийж болох хамгийн сайн зүйл бол тэднийг баригдахаасаа өмнө өөрсдийн саналаар нутаг буцахыг уриалах юм. Хүн бүрд дараахыг зөвлөе: Зөв сонголт хий, хуулийг дага, өөрийн аюулгүй байдал, гэр бүл, ирээдүйгээ эрсдэлд бүү оруул.
АНУ-ын Визийн Залилан Маш Ноцтой Үр Дагавартай
АНУ-ын визийн процесс дэлхийд хамгийн найдвартай, аюулгүй процессуудын нэг юм. Гэвч зарим хүмүүс хуурамч баримт бичиг ашиглах, визийн мэдүүлэгт худал мэдээлэл оруулах, аяллын зорилгоо буруу мэдээлэх, визийн хугацаа хэтрүүлэн үлдэх гэх зэргээр системийг хуурахыг оролддог. Эдгээр нь визийн залиланд тооцогдох бөгөөд ноцтой гэмт хэрэг юм. Хэрэв та дээрх байдлаар хууль зөрчвөл шийтгэл хүлээж дахин хэзээ ч АНУ-д орох боломжгүй болно. Та өөрийн нөхцөл байдлын талаар худал хэлэх, АНУ-д зорчих зорилгоо буруу мэдээлэх, АНУ-д байгаа гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг нууцлах, эсвэл хууль зөрчиж өөр аргаар АНУ-д нэвтрэхийг оролдох нь виз авах эрхээ бүрмөсөн хасуулахад хүргэнэ. Виз мэдүүлэх явцад ямар нэг хуурмаг үйлдэл гаргаагүй хүмүүс АНУ-ын виз авах магадлал өндөр байдаг.
Аяллын Визээр Ажиллах нь Хууль Бус
Ихэнх монголчууд АНУ-д B1/B2 аяллын виз мэдүүлдэг. Энэ төрлийн визээр АНУ-д байх үедээ та визийн хугацаагаа хэтрүүлээгүй байлаа ч ажил хийх нь хууль бус үйлдэл юм. Үүнд ах дүү, найз нөхдөдөө, эсвэл ямар нэг байгууллагад ажиллах зэрэг альч төрлийн цалинтай ажил хамаарна. Аяллын визээр АНУ-д зөвхөн аялал хийх бөгөөд аливаа төрлийн цалинтай ажил хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно. АНУ-д очоод явуулахыг хүсэж буй үйл ажиллагаанд тань тохирох АНУ-ын визийн төрөл байхгүй бол тэр үйл ажиллагаа нь АНУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл гэж тооцогдох тул ийм аялал хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Визийн Хугацаа Хэтрүүлэх нь Таныг Албадан Гаргахад Хүргэж Болно
Таныг АНУ-д нэвтрэх үед Гааль, хилийн хамгаалалтын албанаас олгосон хугацааг хэтрүүлэх нь хууль бус бөгөөд таныг баривчлах, албадан гаргах үндэслэл болоод зогсохгүй, АНУ-д нэвтрэх байнгын хориг тавих хүртэл арга хэмжээ авна. Хууль бусаар үлдэх нь таны дараа аялахыг хүсэж буй найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд ч нөлөөлж, тэднийг виз авах боломжгүй болгодог. Таны үйлдэл зөвхөн танд төдийгүй бусдад ч нөлөөлж болзошгүйг бүү март.
Ерөнхийлөгч Трамп Хүн бүр Хариуцлагатай Байхыг Шаардаж Байна
АНУ-ын Засгийн газар АНУ руу бусдыг хууль бусаар орж ирэхэд тусалдаг хүмүүстэй тэмцэл явуулж байна. Үүнд хориотой бараа тээвэрлэгчид, хүний наймаачид, хууль бус цагаачлалыг дэмжин ажиллаж буй гадаадын засгийн газрын албан тушаалтнууд ч багтана. Саяхан Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хууль бус цагаачлалыг зогсооход хүчин чармайлт гаргаагүй гадаадын албаны хүмүүс, түүний дотор цагаачлалын алба, гааль, боомтын албан тушаалтнуудад хамаарах визийн шинэ хязгаарлалтын бодлогыг зарласан. Энэ нь тээвэр, аялал жуулчлалын салбарынханд зориулсантай ижил төстэй хязгаарлалтууд дээр үндэслэгдсэн байна. Хууль бус цагаачлалыг дэмжиж, АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүст манай улс нээлттэй биш.
Хариуцлагатай Аялцгаая
АНУ-д хариуцлагатай аялахын тулд явахаасаа өмнө хууль, дүрмийг судалж, аяллынхаа туршид тэдгээрийг дагаж мөрдөөрэй. АНУ-ын цагаачлалын хуулийг хэрэгжүүлж, визийн хүсэлтэд гаргасан мэдээллийн дагуу хариуцлагатай аялан, Монгол руугаа цаг тухайдаа буцах нь өөртөө, гэр бүлдээ, мөн бусад монголчуудаддаа сайн үлгэрлэл үзүүлэх бодитой алхам юм.