Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл Мэндийн Яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг энэ оны наймдугаар сарын 31-нээс үнэ төлбөргүй болгосон байдаг. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учрах ёсгүй. Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана" гэж байсан юм.
ВИДЕО:
-"EASY PARKING" КОМПАНИ 15 ЖИЛИЙН ХУГАЦААНД ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН УРДАХ ЗОГСООЛЫГ АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН"-
Тэгвэл Улсын төв Гуравдугаар эмнэлгийн урдах зогсоол дээр зогсож буй машины ихэнх нь тус эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийнх байдаг хэдий ч одоог хүртэл эхний хоёр цаг, цаг тутам 2 мянган төгрөг авдаг бол түүнээс дээш цагаар зогсвол 3 мянган төгрөг авсаар байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан хэдий ч тухайн зогсоолын төлбөр багасахгүй байгаа шалтгаан нь тус зогсоолын газрыг "Easy Parking" гэх компани "Нийслэлийн хөгжлийн корпораци" ХК-тай 15 жилийн хугацаанд ашиглах гэрээ байгуулсан талаар "Easy Parking" компани менежер ярьсан байдаг.
"Easy Parking" компанийн эцсийн өмчлөгч нь "Моннис" группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар.

Улсын төв Гуравдугаар эмнэлгийн зогсоол эмнэлгийнхээ хойд талд байрладаг бөгөөд төв хаалганаас зайтай учир нэлээдгүй хол алхах шаардлага гардаг байна. Гэвч энэ бол эмнэлгийн байгууллага учир хол алхах боломжгүй хүмүүс их учир "Easy Parking" гэх компанийн зогсоол руу орохоос өөр аргагүйд хүрдэг талаар иргэд мэдээлсэн юм.
Харин "Easy Parking" компанийн менежер энэ талаар, "Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Манайх 15 жил Гуравдугаар эмнэлгийн урдах зогсоолыг ашиглахаар гэрээ байгуулсан. Эхний хоёр цагийг үнэ болгохоор Гуравдугаар эмнэлэг рүү бичиг хүргүүлсэн байгаа" гэв.

-"БИД ЗУГААЦАХ ГЭЖ ЭНЭ ЗОГСООЛ ДЭЭР МАШИНАА ТАВЬДАГГҮЙ"-
Гуравдугаар эмнэлгээр үйлчлүүлээд гарахдаа зогсоолын төлбөр төлж байсан нэгэн жолооч, "Хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд эмнэлгээс гарч байна. Ойрын хугацаанд хүн сахиж энэ зогсоол дээр машинаа хонуулсан чинь 30 орчим мянган төгрөг гарсан байна лээ. Гэтэл эмнэлгийн төлбөр мөнгө гээд л бүгд санхүүийн хувьд хэцүү байхад эмнэлгийн зогсоол төлбөрийг болиулчихмаар л санаддаг" гэв.
Харин зогсоол дээр хүн хүлээгээд зогсож байсан жолооч, "Хүмүүс энэ зогсоол зугаацах гэж машинаа тавиагүй. Дандаа л өвчтэй зовлонтой хүн энэ зогсоол дээр машинаа тавьж байгаа.
Зогсож байгаа бүх машин эзэд нь Гуравдугаар эмнэлэг рүү орж байхад хувийн компани мөнгийг нь аваад байж болохгүй. Ядаж зогсоолын төлбөр нь Гуравдугаар эмнэлэг авдаг бол дээр байх" гэсэн юм.

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК гэх төрийн өмчит байгууллага 2025 онд байгууллагадаж байсан. Тус байгууллага нь Улаанбаатар хотод байгаа нийтийн эзэмшлийн зогсоолыг хувь хүн болон байгууллагатай гэрээ байгуулж түрээсэлдэг. Тэгвэл Гуравдугаар эмнэлгийн урдах "Easy Parking" компанийн талаар "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн мэргэжилтнээс утсаар тодруулахад, "Манай компанитай "Easy Parking" гэх байгууллага ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Манай толгой байгууллага буюу "Нийслэлийн хөгжлийн корпораци" ХК-тай гэрээ байгуулж байсан гэж би сонсож л байсан юм байна" гэсэн байдаг.
