Японы Хирошима мужийн үйлдвэрт гарсан ослоор 20 настай  монгол залуу амиа алджээ

Японы Хирошима мужийн үйлдвэрт гарсан ослоор 20 настай монгол залуу амиа алджээ

Японы Хирошима мужийн Күрэ хотод байрлах дайрга, буталсан чулууны үйлдвэрт ажиллаж байсан 20 настай Монгол улсын иргэн үйлдвэрийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мужийн цагдаагийн газраас өнгөрөгч есдүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн биеийн байцаалтыг албан ёсоор тогтоож, мэдээлсэн байна. 

 Цагдаа болон онцгой байдлын албаны мэдээлснээр, осол есдүгээр сарын 7-ны өдрийн өглөөний 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиро-мачид байрлах “Каисэй Кэнсэцү” (Kaisei Construction) компанийн Оохиро дайрганы үйлдвэрт гарсан байна. Үйлдвэрийн туузан дамжуулагчид (белт конвейер) хүн хавчуулагдсан байна гэх дуудлага ирж, аврагчид очиход хохирогч газар дээрээ аль хэдийн нас барсан байсан гэж TBS NEWS DIG агентлаг мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас амь насаа алдсан залууг Монгол улсын харьяат, ур чадварын дадлагажигч Бадамцэцэгийн Даваасүрэн (20 настай) болохыг тогтоогоод байгаа аж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний үхлийн шалтгаан нь тархины бяцрал гэж тогтоогдоод байгаа аж.

Осол гарах үед Б.Даваасүрэн нь туузан дамжуулагч механизмын хажууд хуримтлагдсан элс, шороог хүрзээр цэвэрлэх ажил гүйцэтгэж байгаад механизмын эргэлдэгч ролик-т татагдан орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Тухайн үед түүний хажууд өөр ажилтан байгаагүй бөгөөд цагдаагийн газраас үйлдвэрийн удирдлагууд болон холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрхэн мөрдүүлж байсныг нарийвчлан шалгаж эхэлжээ.