ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы оронд Б.Энхбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилж магадгүй байна

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы оронд Б.Энхбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилж магадгүй байна

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.09.16/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь дээд, дунд шатны зарим удирдлагын хамт үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар мэдээлэхдээ төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзсэн байна. Мөн яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл холбогдох шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй болсон тул дээрх шийдвэрийг гаргаснаа хэлжээ. 

Энэ нь өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд ХЗДХ-ийн сайдтай холбоотой томилгоо, дарамт шахалтын талаар мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор үүссэн маргааны дараах шийдвэр болж байна. Харин ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ А.Намсамандыг хоригдлуудаар байшин бариулсан, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Зайсанд нэг өрөө байр авсан гэх зэргээр буруутгасан юм. Ийнхүү ХЗДХ-ийн сайд болон харьяа байгууллагын удирдлагуудын хооронд үүссэн маргааны дараа С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд байна.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор шинэ сайд томилогдох хүртэл ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн хариуцах нь анхаарал татаж байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.7-д Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно хэмээн заажээ. Ингэснээр ХЗДХ-ийн дараагийн сайдыг томилох хүртэл ЗГ-ын аль нэг сайд нь ХЗДХ-ийн сайдын үүргийг түр орлох аж.  Одоогоор улс төрийн хүрээнд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж магадгүй гэх мэдээлэл яригдаж байна. Албан ёсны мэдээллийг эргэн мэдээлэх болно.