Ховд аймгийн Буянт суманд 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр "тарвас хураахаар явна" гэж гэрээсээ гарч сураггүй алга болсон 10 настай охины цогцсыг наймдугаар сарын 14-ний өдөр олж илрүүлэн, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Тухайн охиныг хөрш айлынх нь нэр бүхий хүмүүс тээврийн хэрэгсэлээр дайрч амь насыг нь хохироож, улмаар хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нь шатааж булсан байсан тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн 10 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт хөрш айлын эзэн М.Даделхан, түүний эхнэр, мөн хүү Д.Чингис нарыг нь цагдан хорьж, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.
Тэгвэл охины амь насыг хөнөөж, хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нь шатааж, булсан хэргээр шалгагдаж буй хөрш айлын эзэн М.Даделхан, түүний эхнэр, мөн хүү Д.Чингис нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр алсан буюу алсан бол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Тухайн зүйл ангид арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Ташрамд өгүүлэхэд, амь хохирогч охины аав С.Аманжол хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний охины аминд хүрсэн хүмүүс хэрэг нь илрээгүй байхад эртнээс өмгөөлөгч авч бэлдсэн байсан. Ийм зүйл болно гэж ёстой бодож байгаагүй. Олон жил хөрш байж хамт явлаа. Бараг нэг тогооноос хоол цай идэж ууж явсан хүмүүс шүү дээ. Тэднийг тийм юм хийнэ гэж ёстой бодоогүй. Хэлэх ч үг олдохгүй үнэхээр хэцүү байна. Би эхнэр авснаасаа хойш арван хэдэн жил тэр хашаанд хөрш айл байж ирсэн. Энэ хугацаанд нэг нэгэндээ муу юм ч санаж явж үзээгүй. Хүүхдүүд маань ч хоёр биенийдээ ороод л хонож өнжөөд явдаг байсан. Хөршүүддээ хар буруу санаж явж үзээгүй" хэмээж байжээ.