ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2025 оны хаврын цэрэг татлагын тухай зарлигт гарын үсэг зурсан талаар BBC агентлаг мэдээлжээ. В.Путины уг зарлигийн дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15-ны хооронд 18-30 насны 160 мянган иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаар төлөвлөсөн аж. Энэ нь өнгөрсөн оны хаврын цэрэг татлагаас 10 мянгаар өссөн үзүүлэлт ажээ.
Тодруулбал, Оросын 2024 оны хаврын цэрэг татлагын хүрээнд 150 мянган иргэн, намрын татлагын үеэр 133 мянган хүн цэргийн албанд татагдаж байсан аж. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт довтолж эхэлснээс хойш В.Путин хугацаат цэргийн албан хаагчдыг дайнд оролцуулахгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал өөрөөр өрнөж, хугацаат албан хаагчид дайны фронт руу илгээгдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.
Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд олон мянган цэргийн алба хаагч дайны талбарт амь үрэгдсэн тул ОХУ цэргийн нөөцөө нөхөхийн тулд цэргийн татлагын тоог нэмэгдүүлж, цэрэгт гэрээгээр элсэгчдийг идэвхтэй уриалах болжээ. Энэ удаагийн цэрэг татлага нь Оросын арми хүн хүчний дутагдалд орсон байж болзошгүй гэх таамаглалыг улам бататгаж байгаа аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас шинэ татлагын хүрээнд элсэх иргэд Украины дайнд оролцохгүй гэж дахин мэдэгдсэн ч олон улсын ажиглагчид энэ амлалт хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC