Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч, хэдийнээ аюулын харанга дэлдсэн. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр сүүлийн арван жилийн хугацаанд нэг их наяд 500 сая төгрөгийг зарцуулсан ч үр дүн гараагүй. Монголчууд утаагаараа дэлхийд тэргүүлсээр байгаа. Тэр байтугай утааг бууруулахын тулд хэрэглэж байгаа шахмал түлшинд иргэд угаартаж, амь насаа алдсаар байгаа юм. Тэгвэл гурван сая орчим хүн амтай Казахстан улсын Алматы хот айл өрхүүдийнхээ халаалт, дулааныг хэрхэн шийдсэн талаар бид сурвалжиллаа.
ВИДЕО:
Алматы хот бол Казахстаны тэргүүн их хот. Нэрийг нь дундад зууны үеэс түрэг-монголчууд алим ургадаг энэ газрыг ийн нэрийдсэн байна. Тус хот нь 1929-1997 он хүртэл Казахстаны нийслэл байжээ. Харин 1997 онд нийслэл нь Астанад шилжсэн ч Алматы нь улсынхаа худалдаа арилжаа, соёлын төв хэвээр үлдсэн байна. Энэ хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 3 сая орчим хүн амьдардаг бөгөөд Казахстаны хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй хотуудын нэг аж.
Алматы хот гурван сая орчим хүн амтай бөгөөд иргэд нь Монгол шиг гэр хороололд амины орон сууц барьж амьдрах нь элбэг байна. Гэсэн ч тус хотод Улаанбаатар шиг утаагүй алга. Учир нь тэд айл, өрхүүдийнхээ халаалт, дулааныг байгалийн хийгээр бүрэн шийджээ. Айлуудын хашааны гадна талаар шар, бор өнгийн нарийн төмөр турбо холбосон нь газын төвийн шугам аж. Уг төвийн шугамаас айл өрхүүд нь хэрэглээнийхээ газыг авч улмаар халаалт, дулаанаа хангадаг байна.
-КАЗАХСТАН УЛСЫН ИРГЭН Ж.АМӨНГЕЛД: МОНГОЛ УЛСАА АГААРЫН БОХИРДОЛГҮЙ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ-
Тиймээс бид Монгол Улсаас Казахстаны Алматы хотод шилжиж очоод 30 гаруй жил тус хотод амьдарч буй Казахстан улсын иргэн Ж.Амөнгелдынд зочилж, халаалт, дулаанаа хэрхэн шийдсэн талаар нь сонирхож, түүнтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр "Би Хавдар судлалын Үндэсний төвд ажиллаж байгаад 1991 онд энд нүүж ирээд 30 гаруй жил амьдарч байна. Алматы хот айл өрхүүдийнхээ халаалт, дулааныг байгалийн хийгээр шийдсэн болохоор энд Улаанбаатарынх шиг утаа, униар байдаггүй. Айлууд нь гэр дотроо халаалт, дулааныхаа системыг угсраад, аюулгүй байдлаа хангахад л хангалттай байдаг. Өртөг мөнгөний хувьд харьцангуй хямд байдаг" гэдгийг тодотгож байлаа.
Мөн тэрбээр Монгол Улсад төрж, эр цэргийн албанд гурван жил алба хааж, эх орондоо тангараг өргөсөн хүний хувьд "Эх нутгаа хөгжиж, ард иргэд нь утаагүй, цэвэр цэмцгэр хотод амьдраасай гэж хүсэж явдаг" гэдгээ биднээс нуугаагүй юм.