Украины Ерөнхийлөгч В.Зеленский Францад хүрэлцэн ирж тус улсын удирдагч Э.Макронтой уулзан, хэлэлцээр хийж эхэлжээ. Харин хэлэлцээрийн дараа "Франц улс Украинд нэмэлт 2 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлнэ" гэж Э.Макрон мэдэгдсэн байна.
Мөн Украины Ерөхийлөгч В.Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэрээ Э.Макрон, "Орос Украинд урьдчилсан нөхцөлгүйгээр 30 хоногийн гал зогсоохыг зөвшөөрөх ёстой" гэжээ. Мөн Францын Э.Макрон, "Москва дайн хийх хүсэл эрмэлзэлээ харуулсаар байна" гэж буруутгажээ.
Мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон, "Бид Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах талаар бодоход эрт байна" гэжээ. Тэрээр, "Бид Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй. Эцсийн дүндээ хориг арга хэмжээ нь түрэмгийллийн төлөөх Оросын сонголтоос шалтгаална. Тиймээс түүнийг цуцлах нь гагцхүү олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс хамаарна” гэжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2025.03.27/ Парис хотноо болох эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд тус уулзалтад Германы канцлер О.Шольц, Их Британийн Ерөнхий сайд К.Стармер нар оролцох ажээ.
Эх сурвалж: BBC