Урд хоёр мөчиндөө ердөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн ер бусын шинэ төрөл зүйлийг палеонтологчид олж илрүүлжээ. Тодруулбал, урт хумстай, өвсөн тэжээлт, хоёр хөлт аварга теризинозаврын үлдэгдэл Монголын говиос олдсон байна.
Хурц хумстай гурван хуруутай бусад теризинозавраас ялгаатай нь гэвэл, энэхүү шинэ төрөл зүйл нь хоёр хуруутай ажээ. Биеийн онцлог бүтцээр нь уг шинэ төрөл зүйлийг “Duonychus tsogtbaatari” гэж нэрлэсэн байна. “Duonychus” гэдэг нь грекээр “хоёр оронтой тоо” гэсэн утгатай бол “tsogtbaatari” гэдэг Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын нэр юм.
“Теризинозавруудын хувьд хоёр хуруутай төрөл зүйл олдсон нь гэнэтийн зүйл байсан” хэмээн судлаач Дарла Зеленицкая ярилаа. Уг үлэг гүрвэлийн урд мөч нь маш сайн хадгалдагдан үлдсэн бол хуруу, бугуйных нь яс нь бүрэн бүтнээрээ олдсон байна. Теризинозаврууд бол Цэрдийн галавын сүүл үед (100-66 сая жилийн өмнө) одоогийн Ази, Хойд Америкийн нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүд юм. Теризинозаврууд нь махчин үлэг гүрвэлүүд болох тероподуудын бүлэгт хамаардаг боловч өвсөн тэжээлтэн ажээ.
Эдгээр үлэг гүрвэл нь хадуур шиг хэлбэр бүхий аварга том хумстай бөгөөд зарим төрөл зүйлийнх нь хумс 50 см хүртэл урт ургадаг байжээ. Теризинозавр, Бейпиаозавр зэрэг өнөөг хүртэл олдсон бусад бүх теризинозавр гурван хуруутай байсан тул хоёр хуруутай “D. tsogtbaatari” бол ер бусын ховор олдвор юм. "Теризинозаврууд хэдийн хамгийн ер бусын үлэг гүрвэлүүдийн нэгд тооцогдож байгаа боловч шинэ төрөл зүйл олдсон нь уг үлэг гүрвэлүүдийг улам сонирхолтой болгож байна" хэмээн Хоккайдогийн их сургуулийн палеонтологич Йошицугу Кобаяши онцоллоо.
"Монголоос саяхан олдсон энэ төрөл зүйл нь гурван хуруутай теризинозавруудаас хоёр хуруутайгаараа ялгаатай байгаа нь тероподын урд мөч хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хэрхэн дасан зохицсоныг илүү гүнзгий судлах боломжийг олгож байна. Гэхдээ энэ олдворыг үнэхээр сонирхолтой болгож байгаа зүйл бол хумс дээрх сайтар хадгалагдаж үлдсэн кератины бүрхүүл юм. Энэ нь дунд болон том хэмжээтэй теропод үлэг гүрвэлийн хувьд анхны тохиолдол юм” гэж Кобаяши тайлбарлалаа.