СУРВАЛЖИЛГА: "Чукагийн асрамжийн газар"-т зовлонт амьдралаасаа салж, нийгэмшсэн 60 гаруй муур, 10 орчим нохой эзнээ хүлээж байна

СУРВАЛЖИЛГА: "Чукагийн асрамжийн газар"-т зовлонт амьдралаасаа салж, нийгэмшсэн 60 гаруй муур, 10 орчим нохой эзнээ хүлээж байна

“Чукагийн асрамжийн газарт тусалцгаая! Сайхан сэтгэлт Чука бүсгүйн асрамжийн газарт 5000-гаар давалгаалан тусалъя!” гэх зар цахим орчинд үе үе тавигддаг. Тэгвэл Чукагийн асрамжийн газарт нөхцөл байдал ямар байгааг, хичнээн амьтан зовлонт амьдралаасаа салж, энд ирээд байгаа талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

Баянзүрхийн товчоо орчим байдаг Чукагийн асрамжийн газрыг зорьж явах замд гэр хорооллын хашааны хажууд нэгэн гөлөг хэвтэж байсан юм. Энэхүү асрамжийн газрын админ К.Эрдэнэ-Оюун, Х.Оюунболд эргэлзэх юмгүй бууж, гөлгийг аварлаа. Тэд ярихдаа, “Энэ бас л хүнд зодуулаад, хүнд итгэж чадахаа больсон амьтан байна. Сая намайг барьж авахад айгаад, өөрийгөө хамгаалах гэж их удаан гасаллаа. Энэ хавийн айлуудаас л төөрүүлсэн байх. Шоглуулаад зодуулсан л бололтой. Нүүрний нэг хацар хавдартай байна. Одоо тэгээд пост оруулаад эзэн хайж үзнэ дээ” хэмээн ярьсан юм.

Та бүхэн юуны өмнө өөрсдийгөө танилцуулахгүй юу?  

Намайг К.Эрдэнэ-Оюун гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Х.Оюунболд, Чука бид гурав тус тусдаа гэртээ амьтан аварч хамгаалдаг байж байгаад санаандгүй танилцсан юм. Бид өнгөрөгч 2024 оны найман сараас энэ хашаа байшинг хандив цуглуулаад түрээсэлж эхэлсэн. Манай асрамжийн газар бол амьтдыг хооллож, эмчилж, эзэнтэй болтол нь харгалздаг түр асрамжийн газар юм.  

-АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ЭЗЭНД ЗОДУУЛЖ, ЗОВСОН НЕМЦ ОВЧАРКА ӨӨРИЙГ НЬ АВАРЧ БУЙГ ОЙЛГОСОН-

Яг өнөөдрийн байдлаар энд хичнээн амьтан байна вэ?

Муурнууд маань 60 орчим байгаа. Жишээ нь энэ долоо хоногт гэхэд хоёр муур үрчлүүлээд зөрүүлээд дөрвөн муур аваад ирж байна. Тэгэхээр 60 маань 62 болчихож байгаа юм. Нохойны хувьд манайд нас бие гүйцээд бидэнтэй явж байгаа 7 нохой байна. Нэг немц маань саяхан өнгөрөгч өвөл олдсон. Нохой сайн мэддэг хүнд л өгөхгүй бол энэ маань хүнд итгэдэггүй, их хэцүү зантай. Сүүлээ хоёр газраа хугалуулчихсан, хүзүү нь аймар шархтай, тураалтай их хүнд нөхцөлд олдсон. Ажлаа тараад бүр шөнө 22:00 цагт авахаа очиход архины хамааралтай хүмүүс хашаандаа уячихсан “Чаддаг юм бол тайлаад аваад гараарай” гэсэн. Өөрсдөө ойртдоггүй, хоол өгдөггүй байсан юм билээ. Би тайлаад аваад гарсан. Гэхдээ аварч байгаа гэдгийг ойлгосон. Би гэртээ немц тэжээдэг болохоор маш хурдан ойлголцсон. “Би чамд туслах гэж байгаа шүү. Чи битгий айгаарай” гэсэн чинь уяанаасаа сулраад намайг дагаад эмнэлэг орж үзүүлээд, шархаа цэвэрлүүлсэн. Зөөлөн дөхөж очоод ярилцаж, уяаг нь тайлаад машиндаа ороод суусан чинь “Машины цонхоор хараад санаа алдсан”. Их сонин.

Нэг амьтныг эзэнтэй болгоход хэдий хугацаа зарцуулдаг вэ. Энд хамгийн удаан байсан ямар амьтад байна вэ?

Дөрөв таван жилийн өмнө Чука амьтан авардаг болсон үеэсээ аварсан нохойнууд одоо манай гадаа байна. Мазаахай гээд хөл нь гэмтчихсэн, айлд үрчлүүлсэн боловч нөгөө айл нь байранд орлоо гээд нохойг уяатай нь орхичихсон юм билээ. Нохой нь уяандаа ороогдоод түнхээ мулталчихсан. Гурван хөлтэй нэг нохой байгаа биз. Тэрийг бас л манай Чука хүүхдээ гэртээ харж хандаж байхдаа хөлөө тайруулсан гөлгийг олж аварч байсан юм билээ. Одоо энд хоёр жил болж байна.

Сүүлд миний аварсан нэг цэвэр монгол банхар байна. Дүүргийн автобусны буудал дээр хаягдчихсан байсан. Үржилд ашиглаж байсан, зодолдуулдаг байсан бололтой нөхцөлд олдсон. Маш догшин, хэцүү ааштай нохой олдож байлаа. Бид хэд дээр ирээд нийгэмшээд, хүнд итгэдэг болоод байна. Бид хоёр чинь анх танилцаж нэгнийхээ учрыг олох гэж нилээн юм болсон. Ийм хөөрхөн, нийгэмшээд нохойнуудтай эвтэй болчихоод байгаа юм. Нэг гэм нь эрэгтэй хүнд жаахан дасч өгөхгүй байгаа. Магадгүй эрэгтэй хүнд зодуулж байсан юм болов уу даа гэж боддог.

Амьтан аврагчдын зүгээс гэр оронгүй амьтдын тоог бууруулах хамгийн зөв арга бол спей заслага хийлгэх гэж үздэг юм билээ. Танайх амьтаддаа спей заслагыг нь хийлгэсэн үү?

Одоо манайд байгаа 60 гаруй муурнаас ихэнх нь дөчөөд нь эм муур байгаа. Бид хандиваа гайгүй орж ирсэн үед спей тавиулаад явдаг. Одоо энэ хантааз өмссөн муурнууд бүгд спейтэй охин муурнууд. Нэг муур жилд хоёр удаа үржилд орно. Багадаа дөрвөн зулзагаар бодоход жилд найман зулзага гаргана. Найм цаашаа хэд болж үржих үү. Маш олон болж үржинэ гэсэн үг. Спей заслага хийлгэснээр бид тэр олон амьтдыг гудамжинд хаяж, зовохоос сэргийлж байгаа юм. Улсаас амьтан устгана гээд байдгийг би ойлгодоггүй. Өнөөдөрхөн Сонгинохайрхан дүүрэгт 640 сая төгрөгийг амьтан устгахад зарцуулна гэсэн мэдээ үзлээ. Тэрийг үзээд миний уур хүрч, ой гутсан. Бидний татварын мөнгө тийм зүйлд зарцуулагдаж байна гэдэг харамсалтай.

Хүмүүс бидний хайхрамжгүй байдлаас болж хамгийн өрөвдөлтэй нөхцөлд олдсон амьтдын түүхээсээ хуваалцахгүй юу?

Энэ Сорвит гээд муур эзэнтэй байсан юм билээ. Гэхдээ түүнийг хүүхдүүд шоглосон байх гэж боддог. Хүзүүгээр нь оосорлоод халуун усаар шалзлуулчихсан биеийн 70 хувь нь түлэгдэлттэй олдсон. Манай админ Х.Оюунболд гэрийнхээ ойроос олсон. Их өрөвдөлтэй амьтан ирсэн. Эмчлэгдээд одоо бол түлэгдсэн гэж мэдэгдэхээргүй хөөрхөн болчихсон байна.     

Энэ муур гэхэд хоёр удаа айлд үрчлэгдээд буцаж ирсэн. Айлд очингуутаа эрхлээд тоглоод байна гэж бодсон юм шиг байна лээ. Маш хямралтай байдаг болсон. Энэ амьтны сэтгэлзүй маш их гэмтсэн. Харц нь маш гунигтай болчихсон.

Энэ торон дотор байгаа муур бол манай хамгийн өндөр настай муурнуудын нэг. Дэнжийн мянгаас олдсон гудамжны амьтан. Одоо хүртэл хайрлаад авах эзэн олдохгүй л байна. Уг нь бол эрүүл саруул, заслагаа хийлгэчихсэн. Ганцхан гэр бүлээ л хүлээж байгаа.

-МУУРАА ҮРЧЛҮҮЛЭХ ЗАР ТАВЬЖ, ОРХИОД ГАДААД ЯВАХАД ТЭР МУУР "ЭЗЭНДЭЭ ХАЯГДСАН" ГЭДГЭЭ МЭДЭЖ, ГУНИГТАЙ ХАРЦТАЙ БОЛДОГ -

Нэг амьтныг эзэнтэй болгоход хэдий хугацаа, цаг зав зарцуулдаг вэ?

Админ Х.Оюунболд: Нэг муур, нохойг эзэнтэй болгоход маш их хугацаа, хичээл зүтгэл ордог. Уйгагүй пост оруулж байж эзэнтэй болно. Хүмүүс хүүхдүүдээ зугаацуулах гэж амьтан авдаг сэтгэхүйгээсээ салмаар байна. Тэгээд дээрээс нь огт муур тэжээж байгаагүй хүмүүс муурын зулзага авдаг. Муурын зулзага чинь айлын сахилгагүй хүүхэд шиг байдаг. Тэгэхээр муур анх тэжээх гэж байгаа хүмүүст би эхлээд нас биед хүрсэн муур аваад тэр амьтныхаа занг мэдсэний дараа зулзаган муур аваарай гэж зөвлөдөг. Манайхаас ирж муур авсан хүмүүс “Гэнэт гадагшаа явах болчихлоо. Муураа үрчлүүлье. Сайн эзэн хайж байна” гэж их хэлдэг. Гэтэл тэр муур нь хүнтэй адилхан мэдрэхүйтэй, сэтгэнэ, бодно, “Эзэндээ хаягдчихлаа” гэдэг мэдрэмж тэр амьтанд төрнө. Тэгээд ирсэн амьтад бол их гунигтай харагддаг.

К.Эрдэнэ-Оюун: Би амьдралдаа анх удаа муур тэгж уйлахыг харсан

Энэ бүдүүн шар муурыг хүнд шархтай олоод эмнэлэгт хэвтүүлж, шархыг нь эмчлүүлээд асрамжийн газартаа бид  авчирсан юм. Ирсэн өдөр нь нойтон хоол өгсөн. Нойтон хоол гэдэг нь амттанг хэлж байгаа юм. Бид 7 хоногт нэг удаа хүмүүсийнхээ хандивын мөнгөөр өгдөг. Тэгээд нойтон хоол өгсөн чинь

“Би анх удаа муурыг тэгж уйлахыг харсан”. Нүд нь дүүрэн нулимстай, нулимс нь бөмбөрөөд аймар өрөвдөлтэй, уйлаад миний өгч байгаа амттанг идэж байгааг нь харахад надад маш их зүйл бодогдсон.

Маш их өрөвдсөн. Энэ муурны харц одоо хэр нь гунигтай. Айлын нэг эрх хөөрхөн муур, гэр бүлтэй л байсан байх. Амттанг идэж байхдаа баярлаж байгаагаа ч юм уу, их гомдлоо гадагшлуулсан байх гэж бодсон.

Тэжээвэр амьтдыг хамгаалах тухай хууль эрхзүйн орчин ямар байдаг юм бол?

"Азтай савар" төрийн бус байгууллагаас хууль санаачлаад тэр хууль нь батлагдсан. Тэр нь амьтадтай зүй бусаар харилцахыг хориглох, эздийн хариуцлагыг зааж өгсөн байна лээ. "Эзэд нь амьтаддаа спей заслага хийлгэж, эрүүл мэндийн пасспорттой болгоху гэх мэт бидний тийм байгаасай гэж хүсдэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Гэхдээ тэр хууль манайд хэрэгжихгүй л байна.