Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сулушаш модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөсөн. Тус тэмцээнд 33 орны 300 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөн юм. 17 жинд шилдгүүд тодорч, алтан медаль, өргөмжлөлийн эзэд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулж буй нь энэ билээ.