ОХУ-ын Алс Дорнодын салбарын Галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, Камчаткийн хойгийн Крашенинников галт уул нь сүүлийн 520-600 жилийн хугацаанд анх удаа идэвхжиж, дэлбэрч эхэлжээ. Дэлбэрэлтийн үеэр галт уул үнсээ далайн түвшнээс дээш 6 мянган метрийн өндөрт цацсан байна.
Энэхүү галт уулын дэлбэрэлт нь судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд олон зууны турш нам жим байсан энэхүү галт уулын сэргэлт нь бүс нутгийн галт уулын идэвхжил нэмэгдэж байгааг харуулж болзошгүй байгаа аж.
Оросын Онцгой байдлын яамны Камчаткийн орон нутгийн хэлтсийн мэдээлснээр, үнс нурам нь Номхон далай руу чиглэн зүүн тийш тархсан бөгөөд түүний замд хүн амьдардаг суурин газрууд байхгүй аж.
Мөн ойролцоох тосгонууд болон хотуудад үнсний нуралт бүртгэгдээгүй бөгөөд дэлбэрэлтийн бүсэд жуулчны бүлэг байсан шинж тэмдэг илрээгүй гэж мэдээлжээ. Одоогоор галт уулын дэлбэрэлтийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй ч мэргэжилтнүүд галт уулын идэвхжил цаашид үргэлжилж болзошгүйг анхааруулжээ. Иймд хиймэл дагуулын хяналтаар галт уулын үйл ажиллагааг нарийвчлан ажиглаж байгаа бөгөөд нөхцөл байдал хяналтан дор байгаа аж. Крашенинников галт уул нь Камчаткийн хойгийн төв хэсэгт оршдог ба байгаль, аялал жуулчлалын хувьд чухал бүс нутгийн нэгт тооцогддог байна.