УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа /2024.05/ “Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль”-ийн төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулсан. Ингэснээр 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс манай улсын хилийн боомтуудаар хэмжээгүй, хугацаагүйгээр гурил, тэжээлийг татваргүй оруулж эхэлсэн. Гэвч уг шийдвэрийн үр дүн Д.Амарбаясгалан даргын тайлбарласан шиг сайн гарч, Монголын эдийн засагт эерэг үзүүлэлт авчраагүй юм.
ВИДЕО:
-ГУРИЛ, ТЭЖЭЭЛИЙГ ГААЛИЙН ТАТВАРГҮЙ БОЛГОХ Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙГ ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯР ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРД ӨРГӨН БАРЬСАН-
Тодруулбал, гурилыг гаалын албан татвараас чөлөөлснөөс хойшхи хугацаанд ОХУ-аас 64 мянган тонн улаан буудайн гурил импортоор орж ирсэн ч үнэ бууруугүй эсрэгээрээ нэмэгдсэн байгаа юм. Мөн гурил, буудайн салбар хохирол амсаж, аж, ахуй нэгжүүд өрөнд орж үйл ажиллагаа нь доголдох эрсдэлд орсон талаар албаныхан тайлбарласан.
Тухайлбал, ХХААХҮЯ-ны Газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарт нэлээд хүнд цохиолт өгсөн. Улаанбуудайн тариалалт 35.7 мянган га талбай, нийт ургац 57 мянган га талбайгаар тус, тус буурсан. Газар тариалангийн салбар нь зөвхөн тариаланчдын асуудал биш. Үүссэн асуудлаас болж энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа техник тоног төхөөрөмж нийлүүлдэг аж, ахуй нэгжүүд, Ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлдэг аж, ахуй нэгжүүдээс авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Цаашлаад салбар сүлжээгээрээ доголдох асуудал үүсээд байгаа учраас тооцоо судалгаа гаргаж ажилласан” гэсэн юм.
Тэгвэл дээрх бүх асуудлаас үүдэн ХХААХҮ-ийн одоогийн сайд Ж.Энхбаяр “Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл” буюу Д.Амарбаясгалангийн хуулийг хүчингүй болгох хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард /2025.01.23/ УИХ-д өргөн барьсан бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэх хуваарьтай.
-ЗБДС-Г МОНГОЛБАНКНЫ ХАРЬЯАНД АВЧИРЧ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГСООХ ГЭЖ БАЙГАА ЮУ-
Тэгвэл тус хууль нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын дунд асуудал дагуулж эхэлжээ.
Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн өргөн барьж батлуулсан тус хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй гэх тулгалтыг хийж буй бөгөөд Зээлийн батлан даалтын санг Монголбанкны харьяанд шилжүүлвэл хэлэлцэж болно гэх нөхцлийг ярьж байгаа аж.
Учир нь 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө болон эд үеэр мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад олгосон зээлийн 78.3 хувийг Зээлийн батлан даалтын сан хариуцсан байна. "Шинэ хоршоо" хөдөлгөөн, ипотек хоёрын санд бүрдүүлсэн эх үүсвэр, авсан зээлтэйгээ ижилхэн байгаа аж. Харин гаргасан батлан даалтын дундаж хугацаа 78.1 сар буюу 6.5 жил байна. "Шинэ хоршоо" хөдөлгөөнд батлан даалтын 394.5 тэрбум төгрөгийг, ипотекийн батлан даалт хэлбэрээр 123.2 тэрбум төгрөгийг иргэнд олгосон байна. Мөн сангийн хөрөнгийн өгөөж 4.7 хувь гарсан нь 2023 оныхоос 3 пунктээр ахисан үзүүлэлт юм. Сангийн батлан даалтын 61.6 хувийг Төрийн банк, 24.8 хувийг Хаан банк, 5.8 хувийг Капитрон банк, 1.1 хувийг Голомт банк, 0.9 хувийг Богд банк, 0.9 хувийг Хас банк, 0.1 Ариг банк олгосон байх юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус сангийн үйл ажиллагааг өөрийн харьяа, мэдэлд байх Монголбанкны шууд удирдлагад авчрахаар яриа, хэлцэл хийж буй цаад санаа юу вэ гэдэг нь анхаарал татна. Магадгүй 2024 оны хавраас олгож эхэлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхнээсээ судалгаагүй, эрсдэл өндөртэй, үр дүн муутай байгаа юу, малчдын зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна уу гэх асуулт гарч ирж байгаа юм. Цаашлаад үүнээс үүдэн Зээлийн батлан даалтын санг Монголбанкны харьяанд авчирч үйл ажиллагааг нь зогсоох гэж байна уу гэх олон хардлага ч байна.
Ямартай ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус санг Монголбанкны харьяанд авчрах сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд зээл авсан малчдад зээлдэгчийн үүрэг, цагтаа зээлээ төлөөгүй бол гэрээний дагуу үндсэн зээлийн хүү нь өндөр хүү рүү шилжих зэргийг сануулж байгаа аж.
Харин нөгөө талд Ж.Энхбаяр сайдын өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл” –ийг хэлэлцүүлэхгүй, хэлэлцүүлсэн ч унагах магадлалтай нөхцөл байдалд байгаа аж. Хоёр тал хэрхэн ойлголцох нь, тус хуулийг хэлэлцэх эсэх, хэлэлцсэн ч батлах үгүй зэрэг ирэх өдрүүдийн үйл явцаас тодорхой харагдах нь.