ГАДНЫН ХЭВЛЭЛ: Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улсыг элсүүлэх төслийн үлдсэн асуудлуудыг тохиролцсон

ГАДНЫН ХЭВЛЭЛ: Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улсыг элсүүлэх төслийн үлдсэн асуудлуудыг тохиролцсон

Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2022 онд ОХУ-тай "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр" хийсэн. Энэ хэлэлцээр нь алсдаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх эхлэл байсан бөгөөд энэ ажлыг Л.Гантөмөр, С.Амарсайхан нар үргэлжлүүлж, тус холбоонд Монгол Улсыг түр элсүүлэх гэж оролдсон нь өнгөрсөн арванхоёрдугаар сард бизнесийнхэн болоод УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. 

- ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ЕЭК-ЫН ХУДАЛДААНЫ САЙД АНДРЕЙ СЛЕПНЕВ,  ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР НАР ОХУ-Д УУЛЗЖЭЭ-

Хамгийн ноцтой нь Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх ажлыг хоёр жилийн өмнөөс маш нууцаар эхлүүлж, бүх түвшинд хав дарж байсан нь төгсгөлдөө ил болж, олон нийтийг бухимдуулсан нь тэр байлаа. Тодруулбал,2024 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр  тус холбоонд элсэх гэрээнд Москвад гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан юм. Улмаар нийгмийн бухимдлыг, УИХ-ын гишүүдийн эсэргүүцлийг давж чадахгүйгээ мэдэнгүүт Засгийн газрын хуралдаанаар тус холбоонд элсэхийг түр хойшлуулах шийдвэрийг албажуулсан юм.

Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах төслийн үлдсэн асуудлуудыг тохиролцсон талаар Евразийн эдийн засгийн комиссын худалдааны блок мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, өчигдөр /2025.03.20/ Евразийн эдийн засгийн холбооны ЕЭК-ын Худалдааны сайд Андрей Слепнев, Монгол Улсын Тэргүүн шадар сайд – Эдийн засаг, хөгжлийн сайд,  Л.Гантөмөр нар ОХУ-д уулзсан байна. Тус улсын eec.eaeunion.org сайтад мэдээлснээр "Бид үр дүнтэй хэлэлцээ хийж, энэ үеэр Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар үлдсэн бүх асуудлыг нарийвчлан хэлэлцлээ. Бид уламжлалт халуун дотно харилцаатай Монгол Улстай хамгийн ойрын хөрш, найрсаг орны хувьд хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийн төлөө байгаагаа баталж байна” гэжээ. 

-УГ ГЭРЭЭГ ЯАРАВЧЛАН БАТЛАХ ШАХАЛТЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮУ-

Хамгийн анхаарал татаж буй нь Евразийн эдийн засгийн холбоонд түр элсүүлэх асуудлаар сүүлийн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шахаж байж болзошгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн есдүгээр сарын 04-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилсан. Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Энэ үеэр В.Путин “Экспорт, импортын эргэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг улам дотно хөгжүүлэх нь чухал. Монгол Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах санаачлагыг Орос улс дэмжин ажиллаж байгаа" гэж мэдэгдэн манай улсыг тус холбоонд элсэхийг ил цагаан шахсан.

Манай талаас ч тус холбоонд элсэхийг түүний айлчлалын үеэр илэрхийлсэн учир одоо хэлсэн амандаа хүрэхийн тулд шахалт үзүүлж байгааг албаныхан ярьж байна. Тиймээс ч тус холбоонд түр элсэх ажлыг хариуцан ажиллаж буй Эдийн засаг хөгжлийн яам, Л.Гантөмөр сайд нар яаравчилж байгаа аж. Хамгийн наад захдаа 2025 оны арванхоёрдугаар сард болох тус холбооны уулзалтын үеэр энэ ажлыг ажил хэрэг болгож мэдэх юм. Эдийн засгийн хөгжлийн яамнаас  түр гэрээний төслийг боловсруулсан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэн соёрхон батлуулах хуультай. УИХ-ын гишүүд, аж, ахуй эрхлэгчид, эдийн засагчид тус гэрээг эсэргүүцэж буй шалтгаан нь энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байгаатай холбоотой. Гэрээг ЭНД дарж унших. Тодруулбал, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлнэ. Тус хэлэлцээрийн цаана ОХУ нь олон улсад хоригтой учраас зарж чадахгүй, чанаргүй бараа бүтээгдэхүүнээ Монгол руу шахах гэж байна гэх хардлагаас өөр бодитой үндэслэл алга байгаа юм. Хариуд нь Монголоос мах, ноос ноолууран бүтээгдэхүүн гэсэн цөөн нэр төрлийн барааг л авна.