АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярилцахдаа "Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоох тухай яриагүй" гэж мэдэгджээ. Тодруулбал, тэрээр Fox News-т өгсөн ярилцлагадаа, "Бид хоёр сайхан яриа өрнүүлсэн, бараг хоёр цаг үргэлжилсэн. Бид олон зүйлийн талаар ярилцсан. Бид олон зүйлийн талаар ярилцсан ч тусламжийн талаар ярилцаагүй" гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эрчим хүчний байгууламжид өгөх цохилтыг түр зогсоохыг зөвшөөрсөн боловч 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг дэмжихээс татгалзсан юм. Харин үүнийг урт хугацааны энхийн хэлэлцээрт хүрэх эхний алхам байх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үзэж байгаа ажээ.
Д.Трамп, В.Путин нарын ярилцлагын талаарх Кремлийн мэдээлэлд, “Мөргөлдөөнийг хурцатгахаас сэргийлж, түүнийг шийдвэрлэхийн төлөө ажиллах гол нөхцөл нь Украинд үзүүлж буй гадаадын цэргийн тусламжийг бүрэн зогсоож, Киевт тагнуулын мэдээлэл өгөхгүй байх ёстой” гэсэн байдаг.
Эх сурвалж: BBC