УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар өчигдөр /2025.03.19/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр П.Батчулуун эмчид холбогдох асуудлаас болоод тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж авах асуудал зогсонги байдалд орсныг О.Сэргэлэн эмч онцолж байв.
Түүнчлэн өнөөдөр тархины үхэлтэй донороос элэг авах хүлээлгийн жагсаалтад 430 хүн бүртгүүлсэн байгаа гэсэн юм. Тэгвэл бид бөөрний донор хүлээж буй өвчтөнүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-УЛСЫН ХЭМЖЭЭНД 695 ХҮН ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ АМЬГҮЙ ДОНОРООС БӨӨР АВАХААР ХҮЛЭЭЖ БАЙНА-
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын хэмжээнд өнөөдөр 695 хүн тархины үхэлтэй амьгүй донороос бөөр авахаар хүлээж байгаа аж. Түүнчлэн 2006 оноос хойш 397 хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсноос 47 нь амьгүй донороос бөөр авсан бол 350 хүн амьд донороос бөөр шилжүүлэн суулгуулсан байх юм. Өнөөдөр манай улсад донорын асуудал маш хурцаар тавигдаж байна. Европын оронд бүх хүн хуулиараа татгалзаагүй л бол донор гэж үздэг. Азийн орнуудад бол тархины үхэл оношлогдлоо гэхэд ар гэрийн зөвшөөрлийн үндсэн дээр донор болгодог аж. Хамгийн сүүлийн мэдээллээр манай улсад 2500 орчим хүн донор болохыг зөвшөөрсөн “Донорын картаа” авсан байна” гэсэн юм.
Л.ЭНХЦЭЦЭГ: БИДЭНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ БАЙСАН ЭМЧИЙГ МААНЬ ХОРЬЖ БАЙГААД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЖ, ХҮНИЙ АМЬ АВРАХ АСУУДЛЫГ ЗОГСООЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ
Иргэн Л.Энхцэцэг: Бөөр орлуулах эмчилгээнд ороод гурван жил гаран болж байна. Бөөрний архаг дутагдалд орсон гэсэн үг. Би 2023 онд хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн. Сая асуудал үүссэнээс хойш кадавр донорын хагалгаа хийгдээгүй гэж байна. Бид нар бол хүлээсээр л байна. Бид донороо хүлээж байгаа. Донор сольсон гэдэг мэдээллийг сонсоод сэтгэл гайгүй болдог. Гэтэл 2023 оноос хойш кадавр донорын асуудал хүндэрч эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ эмзэг сэдвийг буруу байдлаар ойлгуулснаас болоод ганц ч кадавр донорын хагалгаа хийгдээгүй байгаа. Кадавр донорын асуудал Монгол Улсад маш хурдацтай эерэгээр түгж, хүмүүст амьдрал бэлэглэж, амьдралын чанарыг дээшлүүлж байсан. Нэг хүн кадавр донорт орлоо гэхэд бид хүлээж байгаа хүмүүсийн хувьд чин сэтгэлээсээ баярладаг. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор энэ асуудал ерөөсөө яригдахаа больчихлоо. Харамсалтай л байна.
Хамгийн харамсалтай нь, эрүүл мэндийн салбарт энэ хүмүүст амьдрал бэлэглэж байгаа эмчийг маань хорьж байгаад ийм байдалд оруулаад эрхтэн шилжүүлж, хүний амь аврах асуудлыг зогсоож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Хажуу талын минь сандал дээр суудаг байсан хүн өнгөрчихлөө гэхэд харамсалтай байдаг. “Магадгүй боломж байсан бол” гэдэг бодол өөрийн эрхгүй орж ирдэг юм билээ.
Х.АГИЙМАА: БИ 2018 ОНД АМЬГҮЙ ДОНОРООС БӨӨР АВАХ ХҮЛЭЭЛГИЙН ЖАГСААЛТАД БҮРТГҮҮЛСЭН. ОДОО 40 ХЭДЭД ЯВЖ БАЙНА
Иргэн Х.Агиймаа: Би 2014 онд анх диализын аппратанд орж эхэлсэн. Хүмүүс дороосоо их даарах, хоолой их өвдөх, хорхойтсон шүдтэй удаан явахаар ингэж бөөрний дутагдалд ордог гэсэн. 2018 онд хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн. Одоо 40 хэдэд явж байна. Нэг удаа амьгүй донороос эрхтэн авах боломж гарч дуудагдаж байлаа. 60 гаруй настай өвгөн харваад тархи нь үхэжсэн байсан. Шөнө дунд дуудагдаад шинжилгээ өгсөн боловч миний нийцэл 30 хувьтай гарч хасагдсан. Донор гарахаар удаан хүлээлгэдэггүй учраас шөнийн 03:00 цаг гэхэд сонгогдсон хүмүүс хагалгаандаа орсон.
Ер нь юмыг жаахан наанатай цаанатай бодох хэрэгтэй. “Бид ч гэсэн үр хүүхэддээ хэдэн жил ч гэсэн амьд харагдаад явчих юм сан” гэж бодож байна. Энэ өвчин улам л залуужаад байна. Ганцхан бөөр нь өвдсөн хүмүүс байна. Тэр хүмүүс бөөрөө солиулчих юм бол өчнөөн олон жил амьд явна. Энэ аппаратанд зүүгдээд, энэ аппаратны буянд арван жил амьд явж байна. Өвдсөн хүн зовлонг их сайн ойлгодог юм байна. Өвдөөгүй хүн бол “Аюултай байх. Хүний наймаа болчихно” гэж боддог. Манай монголд бол хүний наймаа болно гэж байхгүй. Хүний наймаа хийгээд байх нөхцөл зав ч гарахгүй юм билээ. Би өөрөө дуудагдаж очоод, яаруу сандруу шинжилгээ өгч байсан болохоор гайхаад байдаг. Би чинь ээжээсээ зургуулаа. Гурав нь хоёрдугаар бүлэг. Гурав нь нэгдүгээр бүлгийн цустай байсан. Ахаасаа авах гэсэн чинь вирустэй байсан. Дүү минь бөөрөө өгөхөөр зөвшөөрсөн боловч машин дээрээс унаж, нуруу бөөрөө гэмтээчихсэн. Бид чинь хүний эрхэнд хаашаа ч явж чадахгүй яг Улаанбаатарын энэ хонхорт байж байдаг. Ганц жил ч гэсэн бөөрөө солиулчихаад бусад хүмүүс шиг хөдөө гадаа явах юм сан гэж боддог.
Л.БАЯРМАА: АМЬД ДОНОРООС ЭРХТЭН АВАХ БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮС ДИАЛИЗЫН АППАРАТАНД ОРДОГ
Иргэн Л.Баярмаа: Би бөөрний дутагдалд ороод 17 жил аппаратанд явж байна. Ер нь бол байсхийгээд л хүмүүсийг шөнө дуудаад “Тэр тэр бүлэг нь таараад дуудагдсан гэнэ”, “Тэр аппаратанд орсон гэнэ” гээд их яригддаг байсан. Сүүлийн үед ийм зүйл эрс цөөрсөн. Бөөрний аппаратанд явахад хүндрэл их гардаг. Зүрх судас, даралт ихсэх хүндрэлээс болоод нас барах хүртэл тохиолдол гардаг. Залуу хүмүүс ч зөндөө байна. Залуу хүмүүс бүр харамсалтай. Донор удаашрах юм бол бөөрний аппаратны дагавар хүндрэлээс болоод нас барах аюултай. Хүн хүнд янз янзын хүндрэл гардаг. Удаан явах тусам хүндрэл нэмэгдээд бөөрөө хүлээж, дугаар ирэхээс өмнө юм уу донор олдохоос өмнө нас барах аюултай.
Боломжтой хүмүүс нь хагалгаандаа ороод явчихдаг. Бөөрний аппаратанд орж байгаа хүмүүс чинь боломжгүй хүмүүс. Миний хувьд ч гэсэн боломжгүй. П.Батчулуун эмчийн асуудал дээр маш их харамсдаг. П.Батчулуун эмч бол эрхтэн шилжүүлэх хагалгаануудыг хийж байсан. Донорын хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Бүх юманд нь оролцож байсан хүн. Сүүлийн үед бие нь муудаад хагалгаагаа хийхгүй ч гэсэн албаны ажлаа хийж байсан. Өчнөөн хүний амийг аварсан хүнийг ялласан нь харамсалтай. Тэгэх ёсгүй байсан. Ингээд яллачихна гэж бодоогүй. Ямар ч буруу зүйл хийгээгүй эмч хүн цагаадаад гарах байх гэж бодсон.
Бид чинь дөрвөн бүлгийн цустай. Бид дугаарлаж байгаа ч гэсэн цусны бүлэг, нийцэл тохирч байгаа эсэхээс хамаарч хэнд бөөр өгөх вэ гэдгийг эмч нар шийддэг юм билээ. Үүнийг зарим хүмүүс сайн ойлгоогүй хүмүүс “Энэ хүн надаас хойно диализд орсон. Надаас хойно байсан хүн яагаад бөөр авчихав” гэдэг. Нэгдүгээрт, бүлэг нь таарч байх ёстой. Хоёрт, тохирол нь сайн байх ёстой. Эхний 30 дотроос авна. Дэлгүүрт дугаарлаж байгаа юм шиг нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь гэж авдаггүй юм билээ.