"Ухаа худаг" ордыг "М-Си-Эс" групп хэрхэн авсныг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Тулга “MCS” группээс 100 сая төгрөгийн хандив авчээ

"Ухаа худаг" ордыг "М-Си-Эс" групп хэрхэн авсныг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Тулга “MCS” группээс 100 сая төгрөгийн хандив авчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025.02.17-ны өдөр “Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах” 32 тоот захирамж гаргасан билээ.

Тодруулбал, стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү захирамжийг гаргасан бөгөөд Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлнэ гэж буй.

-Б.БАТЦЭЦЭГ, Н.УЧРАЛ, Л.ЭНХ-АМГАЛАН НАРЫН 20 ОРЧИМ ГИШҮҮН “УХАА ХУДАГ УС ХАНГАМЖ” КОМПАНИАС 30 ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ АВЧЭЭ-

Гэтэл өнөөдөр УИХ-д олонх болж, төрийн эрхийг барьж буй МАН өнгөрөгч 2024 оны сонгуулиар  М-Си-Эс /MCS/ группын 34 охин компаниас хамгийн их буюу 1.2 тэрбум төгрөгийн хандив авсан байх юм. Тухайлбал, М-Си-Эс группын 34 охин компанид “Ухаа худаг ус хангамж” гэх компани багтдаг бөгөөд тус компаниас өдгөө УИХ-д сонгогдсон 20 орчим гишүүн, Засгийн газрын гишүүд ч хандив авчээ.

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг MCS группээс 140 сая төгрөг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 210 сая төгрөг, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 90 сая төгрөг, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 70 сая төгрөгийн хандивыг тус тус авсан байх юм.

-АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛД ГИШҮҮН САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БИЙ-

Үүнээс гадна "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж, гишүүдээр нь Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллахаар болсон. 

Тэгвэл энэхүү ажлын хэсэгт багтаж буй Монгол Улсын сайд Б.Тулга нь өнгөрөгч сонгуулиар MCS группээс 100 сая төгрөгийн хандив авчээ.

Ажлын хэсэг

Ажлын хэсэгт багтаад буй Улсын сайд Б.Тулга MCS-ийн охин компани  “Энержи Ресурс” ХХК-аас 30 сая төгрөг, “Ухаа худаг ус хангамж” ХХК-аас 10 сая төгрөг, “Юнайтед Пауэр” ХХК-аас 30 сая төгрөг, “Таван толгой цахилгаан станц ус хангамж” ХХК-аас 30 сая төгрөгийн хандив авсан байгаа юм.

Хэдийгээр Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд, “Нам эвсэл, нэр дэвшигчид-иргэн 10 хүртэл сая төгрөг, хуулийн этгээд 30 хүртэл сая төгрөгийн хандив өгнө” хэмээн заасан байдаг ч ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд гишүүн санал өгөхгүй байх хуулийн зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг”-ийг баялгийн санд төвлөрүүлэх асуудал УИХ болон Засгийн газрын хуралдаанд орж ирэхэд дээрх гишүүдэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү, биш үү гэдэг асуудал ч эндээс урган гарч байна.