Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотод болов.
Тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев нараар ахлуулсан хоёр улсын яам, байгууллагын төлөөлөл оролцжээ. Тус хуралдаанаар хоёр тал Узбекистаны зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүний дотор арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, Улаанбаатар хотноо “Узбекистан улсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг энэ онд зохион байгуулахаар тохирсон байна.
Талууд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистанд хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст үйлдэж эхлүүлэхээр тохирчээ. Мөн энэхүү комиссын хуралдааны хүрээнд “Монгол, Узбекистаны зам, тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулж, хоёр улсыг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн талууд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор геологийн судалгаа, хайгуул, олборлолт, боловсруулалт болон ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Үүнээс гадна боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох байгууллага, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан симпозиум, эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлагийн хамтарсан тоглолт, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, үүнд Узбекистаны жимс, жимсгэнийн модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, говийн бүс нутагт цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуйг байгуулах, шинэ суулгацын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.