-Н.УЧРАЛ: ЗАРИМ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИД ИНЖЕНЕР НЬ ЦӨӨН, ДАРГА НЬ ОЛОН БАЙНА -
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 05-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг 50 хувиар цомхотгоно. Эхлээд холбогдох хуулийг батална. Үүний дараа аль компаниудыг нэгтгэх, татан буулгах зэргийг тодорхой болгоно. Мөн хувьчилна, хувьчлахдаа дуудлага худалдаагаар хувьчлах юм уу эсвэл биржид гаргах юм уу гэдгийг тухайн үед нь шийднэ. Нэг мөр ингэж шийдэхгүй бол төрийн өмч эзэнгүйтээд байна. "Хүний өмчит хайргүй" гэдэг шиг алдагдалтай ажилладаг мөртлөө цалингаа, унадаг машинаа нэмээд байдаг байж болохгүй. Энд хэн нэгний гар хөлүүд томилогддог. Зарим газарт мэргэжлийн инженерүүд цөөн, дарга нь олон байх жишээтэй. Үндэсний Аудитын газраас ашиггүй ажиллаж буй татан буулгах шаардлагатай компаниудын мэдээллийг нэгтгээд тайлангаа өгчихсөн. Үүнд үндэслэн нэгдсэн байдлаар шийдвэрийг гаргана” гэж хэлсэн.
Тэгвэл Үндэсний Аудитын газраас 462 хуулийн этгээдийг аудитын судалгаанд хамруулж аль компанийг ашиггүй ажилласан, нийтлэг ямар зөрчил гаргасан талаарх дүгнэлтийг гаргажээ.
ВИДЕО:
-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГААГҮЙ 158 АРГА ХЭМЖЭЭНД 319 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ-
Тодруулбал, Аудитын газраас төрийн болон орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийгээд нийт 7.622,3 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлжээ. Цаашлаад Төрийн өмчит компаниудад үнэлгээ хийдэггүй, эрх, үүргийн хэрэгжилтэд хариуцлага тооцох, хяналт тавих боломжийг бүрдүүлээгүй, ТУЗ-ийн хараат гишүүнийг албан тушаалын томилгоогоор томилж байгаагаас гишүүд олон дахин өөрчлөгддөг зэрэг дүгнэлтийг гаргасан байна. Мөн орлогыг судалгаа тооцоололгүй төлөвлөдөг, ТУЗ-ийн зарим гишүүнд холбогдох хуулийг зөрчин шан харамж, урамшуулал, цалин хөлсийг олгосон, Удирдлагын урамшуулал цалинг байгууллагын ашигт ажиллагаатай уялдуулан олгоогүй, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг үнэлээгүй, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 319,8 тэрбум төгрөгийг зарцуулсан гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нь гүйцэтгэх захирлыг сонгох үйл явцыг нээлттэй бус байлгадаг, 316 хуулийн этгээд нь албан ёсны цахим хуудасгүй, компанийн засаглал олон нийтэд ил тод, нээлттэй биш байгааг ч мөн аудитын дүгнэлтэд дурдсан байгаа юм.
АУДИТЫН ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ТОЙМЛОВОЛ:
- Таван толгой түлш ХХК-ийн хувьд 2020-2021 онд Засгийн газрын хуралдааны шийдвэрээр сайжруулсан түлшний үнийг 50-75 хувиар буюу 1 тонн шахмал түлшний үнийг 150 мянган төгрөгөөс 37.5 мянган төгрөг болгож үнийг хөнгөлсөн нь орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж үйл ажиллагааны үндсэн орлого бүрдүүлэлт 2019 онд 57.1 хувь, 2020 онд 59.1 хувь, 2021 онд 27.0 хувиар тус тус буурсан;
- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ХХК-ийн хувьд шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг ба ногдол ашгийн орлого 2019-2021 огт авч байгаагүй бөгөөд үндсэн орлого бүрдүүлэлт 2020 онд 64.6 хувь, 2021 онд 75.6 хувиар тус тус буурсан;
- Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨҮГ 2019-2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагааны үндсэн орлого (буулт хөөрөлтийн орлого, өнгөрөлтийн орлого) бүрдүүлэлт 2020 онд 74.2 хувиар, үндсэн бус орлого 2020 онд 76.9 хувиар тус тус буурсан;
- Монголын хөрөнгийн бирж ХК-ийн үйл ажиллагааны үндсэн орлого 2020 онд 47.1 хувь, үндсэн бус орлого 2019 онд 78.8 хувиар тус тус буурсан;
- Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хийсэн 2019 оны шалгалтаар 310. сая төгрөгийн зөрчил илэрсэн бол 2021 онд зөрчлийн дүн 756.9 сая төгрөг болж өссөн;
- Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-т хийсэн 2017 оны шалгалтаар 34.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн бол 2019 онд зөрчлийн дүн 644.5 сая төгрөг болж өссөн;
- Багануур дулааны цахилгаан станц ХХК-д хийсэн 2018 оны шалгалтаар 557.9 сая төгрөгийн зөрчил илэрсэн бол 2021 онд зөрчлийн дүн 1,211.8 сая төгрөг болж өссөн;
- Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т хийсэн 2018 оны шалгалтаар 225.6 төгрөгийн зөрчил илэрсэн бол 2020 онд зөрчлийн дүн 293.4 сая төгрөг болж өссөн;
- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хийсэн 2018 оны шалгалтаар 443.7 төгрөгийн зөрчил илэрсэн бол 2020 онд зөрчлийн дүн 798.2 сая төгрөгийн болж өссөн;
- Дулааны гуравдугаар цахилгаан станц ХК-д хийсэн 2017 оны шалгалтаар 749.67 төгрөгийн зөрчил илэрсэн бол 2019 онд зөрчлийн дүн 6,651.2 сая төгрөг болж өссөн, 2021 онд зөрчлийн дүн 5,485.4 сая төгрөг болж буурсан хэдий ч зөрчил бүрэн арилаагүй;
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д хийсэн 2018 оны шалгалтаар 1,844.7 сая төгрөгийн зөрчил илэрсэн бол 2021 оны шалгалтаар зөрчлийн дүн 1,264.4 сая төгрөг болж буурсан хэдий ч зөрчил бүрэн арилаагүй;
- Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-т хийсэн 2017 оны шалгалтаар 1,441.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн
- Эрдэнэс Монгол ХХК-ийн үндсэн хөрөнгийн эргэц 2019 онд 0.4, 2020 онд 0.35, 2021 онд 0.16 байгаа нь буурсан үзүүлэлттэй байна (нэмэгдэх тусам хөрөнгийн ашиглалт сайжирч байна гэж үздэг). Нийт хөрөнгийн эргэц 2019-2021 онд ердөө 0.00-0.01 хооронд байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Гэхдээ тус компанийн санхүүгийн баланст бүртгэлтэй хөрөнгийн 90 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэлдэг. Энэ хөрөнгө нь толгой компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд ашиглагддаг хөрөнгө биш учир нийт хөрөнгийн эргэцийг хэт доогуур харагдахад нөлөөлдөг;
- Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн хөрөнгийн эргэц 2019 онд 1.8, 2020 онд 1.0, 2021 онд 0.9 байгаа нь буурсан үзүүлэлттэй байна;
- ИНҮТ-ийн үндсэн хөрөнгийн эргэц 2019 онд 0.33, 2020 онд 0.07, 2021 онд 0.04 байгаа нь буурсан үзүүлэлттэй байна;
- “Засгийн газрын авто бааз УТҮГ-ын үндсэн хөрөнгийн эргэц 2019 онд 0.15, 2020 онд 0.12, 2021 онд 0.13 байгаа нь доогуур үзүүлэлт Үндсэн хөрөнгийн эргэц 2019 онд 0.97 байсан бол 2021 онд 0.14 болсон байна. Мөн нийт хөрөнгийн эргэц 2019 оны 0.61-ээс 2021 оны 0.09 болтол буурсан. Үүнээс харахад, хөрөнгийн ашиглалт муудсан.
- Улсын төсвөөс олон улсын болон улсын чанартай авто замын засвар арчлалтын үйлчилгээ үзүүлж байгаа төрийн өмчит 20 компанид 2019-2021 онд нийт 83,133.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосноос хуулийн этгээдүүд нь удирдлагын зардалд нийт 13,511.3 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 8 хуулийн этгээд алдагдалтай, 12 хуулийн этгээд 2.1-558.4 сая төгрөгийн ашигтай ажилласан хэдий ч хуулийн этгээд нь үр ашгаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй байна;
- Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн 8.19-т “ТУЗ нь жилд 1-ээс доошгүй удаа хувьцаа эзэмшигчид ажлаа тайлагнана” гэж заасан боловч хуулийн этгээдийн ТУЗ-өөс 2019 он, 2021 оны үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчдэд хүргүүлээгүй, харин Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01/462 дугаар албан бичгээр “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах” хүсэлт, ТУЗ-ийн 2021.04.22-ны өдрийн 09 дүгээр “компанийн 2020 оны санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах тухай” тогтоол, ҮАГ-ын САГ-2021/10/СТА-ТӨҮГ кодтой санхүүгийн аудитын тайланг Хувьцаа эзэмшигч Засгийн газарт хүргүүлсэн байна. Гэтэл Хувьцаа эзэмшигч Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2019-2021 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцээгүй нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.11-т “компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах” гэж заасныг хэрэгжүүлээгүй зэргээр дүгнэжээ.
Дүгнэлтээс харвал төрийн болон орон нутгийн өмчит компанийн ихэнх нь ашиггүй, орлого нь буурч, зарлага нь өссөн үзүүлэлттэй ажиллажээ. Тиймээс эдгээрийг дуудлага худалдаагаар борлуулах, татан буулгах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон байна. Харин орж ирсэн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санг зузаатгах, хүндрэлээс гаргахад зарцуулах бололтой. Бусад мэдээллийг ЭНД дарж унших.