Засгийн газраас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг түшиглэн гангийн шинэ үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр зорьж байв. 2021 оноос хойш уг төслийг хэрэгжүүлэхээр зорьсон ч олон шалтгааны улмаас хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл Дархан-Уул аймаг, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг түшиглэн барихаар төлөвлөж байсан гангийн үйлдвэрээ Хэнтийн Бор-Өндөр суманд шилжүүлж барих шийдвэрийг Засгийн газраас гаргах сураг дуулдаж эхэлсэн нь зарим албан тушаалтны дунд маргаан, зөрчлийг дагуулж эхэлжээ.
-ХЭНТИЙН БОР-ӨНДӨР РҮҮ АЛДАЖ МАГАДГҮЙ ТӨСӨЛ НЬ УУРХАЙГААС ГАРГАЖ БУЙ ТӨМРИЙН ХҮДРИЙГ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ-
Тодруулбал, "Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийн одоогийн технологи нь хаягдал төмрийг дахин боловсруулах л зориулалттай. Энэ хүрээндээ тус үйлдвэрт жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Харин Хэнтийн Бор-Өндөрт алдахад хүрсэн шинэ үйлдвэрийн төсөл нь уурхайгаас гаргаж буй төмрийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх төслийн ТЭЗҮ аль хэдийн бэлэн болсон бөгөөд үйлдвэрийн барилгын суурийг тавьж дууссан байна. Мэдээж энэ ажилд асар их хөрөнгө зарсан.
Гэтэл Засгийн газраас тус үйлдвэрийн төслийг гэнэт Хэнтийн Бор-Өндөр суманд шилжүүлэх талаар саяхнаас ярьж эхэлжээ. Үүний ард ямар шалтгаан байгаа, хэний лобби явсан зэрэг нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч энэ төслийг өөр аймагт хэрэгжүүлэх гэж буйд "Дархан төмөрлөг"-ийн үйлдвэрийн 1600 ажилтнаас гадна дарханчууд бухимдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саяхны өдөр тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс нийт ажилтнуудын дунд хурал зохион байгуулсан байна.
Энэ үеэр ажилчид "Төмрийн хаягдлын нөөц жилээс жилд багасаж байгаа энэ үед төмөрлөгийг, Дарханыг тэжээх чухал ач холбогдолтой төслийг алдмааргүй байна. Урьд нь арьс, шир боловсруулах үйлдвэрийг зогсоож олон хүнийг ажлын байргүй болгосон. Энэ удаа мөн уг үйлдвэр барих төслийг хулгайллаа. Засгийн газраас энэ шийдвэрийг гаргавал ажилчид Улаанбаатар хот дахь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гадна жагсаал зохион байгуулна" зэргээр санал солилцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ Жөжян мужийн Нинбо гангийн үйлдвэрт зочилсон. Энэ үеэрээ аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцсон байдаг. Гэхдээ байгуулах гангийн үйлдвэр нь түүний сонгогдсон тойрог байгаа нь анхаарал татаж байгаа юм.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ УГ ТӨСЛИЙГ ӨӨРИЙН ТОЙРОГТОО ТАТАЖ БАЙНА ГЭХ ХАРДЛАГА БАЙГАА АЖ-
Харин нөгөө талд Засгийн газар эл асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаагүй ч боломжтой эсэх талаар нэг удаа ярилцсан гэх. Ингэхдээ дахин судлах шаардлагатай гэх үндэслэлээр буцаасан бөгөөд удалгүй шийдвэр гаргаж магадгүй байгаа аж. Хэнтийн Бор-Өндөр сумын тухайд хүдрийн уурхайтай бөгөөд жилд 2,4 сая тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай Баргилтын төмрийн хүдрийн уурхай, 600 мян.тн төмрийн хүдрийг соронзон аргаар боловсруулж 170-180 мян.тн хуурай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай хэсэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Тиймээс тус уурхайг түшиглэн дээрх төслийг ийш шилжүүлье гэх яриаг эхлүүлсэн байх магадлалтай аж.
Харин “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Алинд нь ч байсан уг төсөл амжилттай хэрэгжвэл дотооддоо өндөр чанартай ган үйлдвэрлэдэг болох, хэрэглээгээ хангах, экспортод гаргах, ажлын байр нэмэгдэх, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах гээд олон талын өндөр ач холбогдолтой. Гэхдээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг түшиглэн ТЭЗҮ-г хийчихсэн бүр үйлдвэрийн суурийг нь тавьж өчнөөн хөрөнгө гарлагадсан байж дахин өөр газарт шилжүүлэх болсон нь үнэхээр анхаарал татах бөгөөд дарханчуудын бухимдлыг ч ойлгохоос аргагүйд хүргэнэ. Засгийн газраас ямар шийдвэр гарах нь олон хүний анхаарлыг татаж байна.